Онцлох
“Галзуу өвчнийг устгах үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт олон улсын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
988

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын төв, Непал улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Галзуу өвчнийг устгах үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг 2018 оны 05-р сарын 01-03-ны хооронд Непал улсын нийслэл Катманду хотод зохион байгууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Нэгдсэн үндэсний байгууллагийн дэвшүүлсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хүрээнд нохойгоор дамжин халдварлаж буй галзуу өвчний хүний нас баралтыг 2030 он гэхэд устгах зорилтыг дэвшүүлэн холбогдох үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнд Өмнөд, Зүүн өмнөд азийн бүсийн орнууд, Монгол, Хятад, Өмнөд африк, Кот д’Ивуар болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Дэлхийн амьтан хамгаалах төв, Амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллага, НҮБ-ийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг 22 орон, олон улсын байгууллагуудаас 50 гаруй төлөөлөгчид оролцож нохойгоор дамжин халдварлаж буй галзуу өвчний хүний нас баралтыг 2030 он гэхэд устгахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шинээр нэвтрүүлж буй галзуу өвчний эсрэг хүний вакцины асуудлаар хэлэлцлээ.
Мөн Олон улсын Вакцины холбоо (GAVI)-ны санхүүжилтээр хийгдсэн судалгааны үр дүнг хэлэлцлээ. Уг судалгаа нь галзуу өвчний хүний нас баралтыг бууруулахад салбар хоорондын болон бүс нутгийн хэмжээнд улс орнууд галзуу өвчний хүний өвчлөлтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулах, галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх чадавхийг бий болгох, тандалт судалгаа, олон нийтийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
Зөвлөгөөнөөр галзуу өвчний тархалтыг бууруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Нохойгоор дамжин халдварлаж буй галзуу өвчний хүний нас баралтыг 2030 он гэхэд устгах” олон улсын стратегийг боловсруулахаар тогтлоо. Энэхүү стратеги нь галзуугийн эсрэг вакцины болон вакцинд хамруулах үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан удирдамж болон нөлөөллийг хэмжихүйц хангалттай өгөгдлийн сан бий болгох, галзуу өвчний гаралт, тархалтыг бууруулахад олон талт оролцоог бэхжүүлэх зорилготой юм.
Түүнчлэн галзуугийн хүний өвчлөлийг устгахад нийгмийн болоод соёлын үзэл баримтлалыг өөрчлөх, галзуу өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, нохой эзэмшигчдийг хариуцлагажуулах нь шийдвэрлэх гол асуудлууд болоод байгаа талаар оролцогчид дурьдлаа.
Галзуу өвчин нь дэлхийд хамгийн өргөн тархсан өвчнүүдийн нэг бөгөөд галзуугийн хүний өвчлөл одоогийн байдлаар 150 гаруй оронд бүртгэгдсэн байдаг. Галзуу өвчнөөр 9 минут тутамд нэг хүн нас барж байдаг ба түүний 40 хувийг хүүхэд эзэлж, нийт нас баралтын 80% нь хөдөө орон нутагт бүртгэгдэж байна. Хүний өвчлөлийн тохиолдлын 99% нь нохойноос халдвар авсан байдаг бөгөөд галзуу өвчнийг устгахад жил бүр 8.6 тэрбум доллар зарцуулдаг боловч үүний дөнгөж 2% нь л нохойг вакцинжуулах зардал эзэлдэг байна.
Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид ДЭМБ-аас санал болгож буй Intradermal вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх, хүн амын дунд галзуу өвчний талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, нохойг бүрэн вакцинжуулах (ДЭМБ-аас золбин нохойн 70 хүртлэх хувийг вакцинжуулах зөвлөмжийг гаргасан), нэг эрүүл мэнд үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээ, мэдээлэл солилцох нөхцлийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байхаар шийдвэрлэлээ.

Нийтлэсэн огноо: 2018.05.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter