Ховд аймгийн Цэцэг суманд 2022 оны 09 сарын 11-ний өдөр Иргэн “Г” тарвага агнаж, өвчих явцад халдвар авч Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь эмнэл зүй, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр батлагдаж хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Орон нутагт тарвага агнах, хүнсэнд хэрэглэх, худалдаалах, төв суурин газар руу тээвэрлэн оруулах зөрчил буурахгүй байна. 2022 оны 09 сарын 01-нээс 09 сарын 14-ны хооронд 10 удаагийн мэрэгчийн дуудлагаар 225 ширхэг тулам хураагдаж, лабораторийн шинжилгээ хийгдсэн нь тарваган тахал өвчин хот, суурин газарт гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна.
Иймд иргэд та бүхэн доорхи зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
Зөвлөмж:
- Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал харъяалах орон нутгийнхаа мэргэжлийн байгууллагад хандах
- Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх,
- Хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх
- Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахаас зайлсхийх
- Тарваганы түүхий мах, эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
- Тарвага болон жижиг мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
- Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр тогтмол хамрагдах
- Хэрэв та тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар мэдээлэх
Нийтлэгдсэн огноо: 2022.09.15