Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зоонозын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Анагаах ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан Г.Дашдавааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Ганболдын Дашдаваа нь Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Цогбадрах, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Наранбат, Биологийн ухааны доктор, дэд профессор М.Наранхажид нарын удирдлага дор “Монгол оронд зонхилон тохиолдож буй хачигт халдварын молекул эпидемиологийн судалгаа” сэдвээр Анагаах ухааны докторын (Ph.D) зэргийг амжилттай хамгааллаа.
Г.Дашдаваа нь олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн хянан магадалгаа хийгддэг Scopus-т бүртгэлтэй IF 3.2 болон 3.7 зэрэглэл бүхий сэтгүүл (Plos One impact factor 3.7; Elsevier Prasite and epidemiology impact factor 3.2)-д хоёр өгүүлэл, дотоодын ISSN-д бүртгэлтэй Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлд гурван өгүүлэл, мөн Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд гурван илтгэл, дотоодын эрдэм шинжилгээний хуралд таван илтгэл хэлэлцүүлжээ.
Түүнчлэн Дэлхийн анагаах ухааны төв номын сан болох Genbank-нд судалгааны үр дүнгээр зургаан өвөрмөц нуклеотидын дараалал буюу бактери вирусийн өвөрмөц хэв шинж бүртгүүлсэн бөгөөд үүний нэг болох хачигт боррелиоз өвчний үүсгэгчийн нэг хэв шинжийг Дэлхийн шинжлэх ухаанд өөрийнхөө нэрээр буюу “Dash-01” хэмээн бүртгүүлсэн байна.
Анагаах ухааны доктор Г.Дашдаваа танд цаашдын ажил үйлс, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.
Нийтэлсэн огноо: 2025.06.06