Цаг үеийн
БНХАУ-ын Харбин хотод олон улсын хуралд оролцлоо
795

БНХАУ-ын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төв, SKLID, Wu Lien-Teh Дээд сургууль, Харбины Анагаахын их сургууль хамтран ‘Нэг бүс Нэг зам’ хамтын ажиллагааны хүрээнд ‘Тахал тахал өвчний хяналт, сэргийлэлт’ сэдэвт олон улсын хурлыг  2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Хуралд АНУ, Бразил, Франц, ОХУ, Финланд, Тажикстан, Казакстан, Мьянмар, Өмнөд Африк, Мадагаскар, Монгол Улс, БНХАУ-ын нийт 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож 8 хуралдаанаар нийт 37 аман, 30 гаруй ханын илтгэлийг хэлэлцэж хурлын бүтээлд илтгэлийн хураангуйг хэвлэн түгээсэн.

Тус хуралд ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, тархвар судлагч Д.Отгонбаяр, Э.Нарангарав нар оролцож, ‘Тарваган тахал өвчний сүүлийн 20 жилийн төлөв байдал’ (Д.Отгонбаяр, Ц.Ганхуяг, Д.Цэрэнноров, Д.Ганболд, Э.Нарангарав, Н.Цогбадрах) аман илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ. 

Хурлын төгсгөлд оролцогчид хүн амьтны тарваган тахал өвчний хяналт, хариу арга хэмжээний стратегийн талаар хэлэлцэн, тарваган тахал өвчний олон улсын хамтын хяналт, сэргийлэлтийн асуудлаар улс бүр санал хэлж, энэхүү олон улсын хурлыг 2 жил тутам зохион байгуулахаар тогтлоо.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахоновтай уулзаж, хөтөлбөр, гэрээний хүрээнд хийгдэж буй молекул биологийн хамтарсан судалгааны явцын талаар болон Саратов хотод эрдэм шинжилгээний хуралд оролцох, тоноглогдсон лаборатори болон лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээн авах талаар хэлэлцэж тохиролцлоо.

Мөн БНХАУ-ын Манжуурын Халдварт өвчний хяналт сэргийлэлтийн төвийн дарга Wang Hongquan,  Манжуурын Олон улсын Аялал жуулчлалын Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Deng Hua нартай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн тандалт судалгааны дүн, 2019 онд хийгдэх хамтарсан тандалт судалгааны чиглэлийг ярилцаж, төлөвлөгөөнд тусгахаар болов.

Нийтлэгдсэн огноо: 2018.11.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter