“ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛ” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Үндэслэл

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, орон нутгийн төвүүдэд зоонозын өвчин судлалаар мэргэшсэн хүний нөөцийн хангалт 44.5%-тай, сүүлийн 5 жил зоонозын шалтгаант хүний өвчлөлийн сэжигтэй дуудлагын тоо өмнөх 5 жилээс 13.2 дахин нэмэгдэж, байгалийн голомт сэргэх, Зика, Коронавирус, Денгийн чичрэг зэрэг шинэ болон сэргэн тархаж буй халдварууд хил дамжин орж ирэх эрсдэл улам бүр ихсэж байна.

Дэлхийн хэмжээнд зоонозын шалтгаант нян, вирус, эгэл биетэн, мөөгөнцөрөөс гадна шалтгаан нь тодорхойгүй 200 гаруй халдвараас 61%-ийг, сүүлийн 10 жил гарсан халдварын 75% нь зоонозын шалтгаант халдвар гэдгийг тогтоогоод байгаа (World Health Organization. Neglected Zoonotic Diseases. 2015. [Last accessed on 2015 Jul 19]. Available from:) ба сүүлийн 30 жилийн хугацаанд 30 гаруй шинэ халдварыг шинээр илрүүлж, тэдгээрийн дийлэнхи хувийг нь зоонозын  халдвар эзэлж байна.

Эдгээр шалтгаануудыг үндэслэн Зоонозын шалтгаант халдварт өвчнөөс хүн амыг хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах, голомтод ажиллах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн “Зоонозын өвчин судлал”-аар мэргэшсэн эмчийг богино хугацаанд сургаж, бэлтгэх нэн шаардлагатай байна.

Эрхэм зорилго

Зоонозын өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг нотолгоонд тулгуурлан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж ажиллах эмч бэлтгэх.

Алсын хараа

Зоонозын өвчнийг судалгаа, нотолгоонд тулгуурлан эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг мэргэжлийн түвшинд авч хэрэгжүүлдэг  чадвар, хандлагыг эзэмшсэн, хөрвөх чадвартай, ёс зүйг дээдэлсэн эмч байна.

“Зоонозын өвчин судлал” эмчийн үндсэн мэргэжилээр сурснаар дараах  чадамжыг эзэмшинэ

 “Зоонозын өвчин судлал” эмч нь эрхэм зорилгыг биелүүлэхэд чиглэсэн дараах чадамжуудыг эзэмшинэ.

  1. Мэргэжлийн байх
  2. Суралцагч
  3. Харилцагч
  4. Хамтрагч
  5. Эрүүл мэндийн зөвлөгч
  6. Зохион байгуулагч, удирдагч

Сургалтын зорилт

Чадамж бүхий эмч болохын тулд дараах дэд чадамжуудыг эзэмшиж, бие даан гүйцэтгэж чаддаг болно. Үүнд:

  1. Зоонозын өвчний үүсгэгч, тархвар судлалын холбогдолыг тогтоох үндсэн мэдлэг, чадвар, хандлага олгох,
  2. Зоонозын өвчний эмнэл зүйн оношилгоо, ялган оношилгоо, эмгэг жам, эмчилгээ үйлчилгээ, эмнэл зүйн ур чавдарыг эзэмшүүлэх,
  3. Зоонозын шалтгаант өвчлөлийн лабораторийн шинжилгээний хариуг унших, дүгнэлт өгөх чадварыг эзэмших,
  4. Зоонозын хүний өвчлөлөөс эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг зохион байгуулах, тохиолдол, дэгдэлтийн үед голомтод ажиллах чадвар эзэмшүүлэх,
  5. Зоонозын өвчний үед баримтлах халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа, ариутгал, халдваргүйтгэлийг мөрдөн ажиллах мэдлэг, чадвар, хандлага эзэмшүүлэх,
  6. Төвийн бусад тасгийн эмч мэргэжилтнүүд, орон нутаг дахь бусад эмнэлгийн мэргэжилтнүүдтэй тусламж үйлчилгээтэй холбоотой мэргэжил, мэдээллээ хуваалцаж хамтран ажиллах,
  7. Хүн амын эрүүл мэндийг дэмжихийн тулд эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон хүн амд урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх зэрэг ур чадвар, мэдлэг, дадлыг эзэмшинэ.

Эмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх сургалтад элсэгчдийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-10-ны хооронд бүртгэж, элсэлтийн шалгалтыг 09 дүгээр сарын 15-ны дотор ЗГХА, ЭМГ зохион байгуулна.

Мэргэшүүлэх сургалтад элсэх эмнэлгийн мэргэжилтэнд дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:

  • Бакалаврын дипломтай байх;
  • Төрөлжсөн мэргэшлийн сургалтанд элсэж байгаа тохиолдолд үндсэн мэргэжлээрээ 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх;
  • Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх бусад сургалтад элсээгүй байх;
  • Элсэлтийн шалгалтанд тэнцсэн байх;

Элсэлт, тавигдах шаардлага:

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс элсэлтийг зохион байгуулдаг бөгөөд www.hr.hdc.gov.mn сайтаар авдаг. Жилд 1 удаа буюу 9-р сард авдаг. Элсэгчдэд тавигдах үндсэн шаардлага нь хүний их эмч мэргэжилтэй байх. 

Сургалтын хугацаа: 1 жил

Гэрчилгээ: Үндсэн мэргэшлийн үнэмлэх олгоно.

Элсэлтийн ерөнхий явц:

 

 

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter