Онцлох
“Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал болж байна
2281

Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй болон анзаарагддаггүй зоонозын халдваруудаас урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлаар хамтран ажиллах чиглэлийг тодотгож, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үндэсний болон бүс нутгийн хүрээнд цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, дэвшилтэт арга технологи, судалгааны үр дүнг  тодорхойлох нь чухал байна.

ЗӨСҮТ-өөс “Зоонозын өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд эдүгээ 23 дахь удаагийн хурлыг зохион байгуулж байна. Тус хуралд ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ, ЭМГ, АШУҮИС, ХААИС, МЭЕГ, МЭХ зэрэг дотоодын мэргэжлийн байгууллагуудаас гадна БНХАУ,ОХУ, ХБНГУ, Казахстан улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хурлын зорилго нь судалгаа шинжилгээний үр дүн, нотолгоо, дэвшилтэт арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа олон талын дүн шинжилгээ хийж тулгамдсан асуудал, ололт амжилт, алдаа дутагдлыг тодорхойлж хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлагаа солилцоход хурлын үйл ажиллагаа чиглэгдэж байна.

Хурлаар “Дорноговь аймгийн Замын-Үүд дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотыг судалсан дүнгээс”, “Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомт: эпизоот, эпидемиологийн 2018 оны төлөв байдал”, “Yersinia pestis – ийг илрүүлэх хурдавчилсан оношилгооны аргын боловсруулалт ба хэрэглээ”, “2017-2018 онд Сийлхэмийн тарваган тахлын голомтын эпизоотын идэвхи”, “Орос, Монголын тарваган тахлын байгалийн голомт дахь Yersinia pestis омгийн филогенетикийн олон янз байдал”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомт дахь мэрэгчээр дамжих халдварын судалгаа, дүн шинжилгээ”, “Хачигт энцефалитийн үүсгэгчийг эсийн өсгөвөрт ялган авсан дүн”, “Казахстан улсын хачигт энцефалит өвчний гаралт”, “Ханта вирусийн халдварын бодит мэдээлэл”, “Монгол улсын зарим аймаг дахь эхинококкозын өнөөгийн байдал”, “Монгол орны баруун болон зүүн бүсийн зарим аймгуудад 2017-2018 онд хийгдсэн шувууны томуугийн хамтарсан тандалт судалгаа” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Хурлын үр дүнд олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, шинэ ба сэргэн тархаж буй байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter