Онцлох
Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
2508

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутамд зохион байгуулдаг 23 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол улсын Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС, МЭГ, МЭХ, Оросын холбооны улсын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Саратов хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэн, БНХАУ-ын Хорио цээр, хяналтын академи, Хөх хот дах гаалийн газар, ХБНГУ-ын Бундесвергийн микробиологийн хүрээлэн зэрэг гадаад, дотоодын 100 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хурлын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ 2018 онд улсын хэмжээнд зоонозын өвчний эрсдэлт өртсөн тохиолдлын тоо сүүлийн 10 жилийн дундажаас даруй 13.5 дахин нэмэгдсэн байгаа нь зоонозын өвчний хяналт, сэргийлэлтийн тогтолцоог өргөжүүлж, анзаарагддаггүй халдваруудад анхаарал хандуулах дохио болсоор байгааг дурьдаж, энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь зонхилон тохиодож буй зоонозын халдваруудаас урьдчилан сэргийлэх, бууруулах, хариу арга хэмжээг үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд үр дүнтэй авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэлээ.

Мөн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор С.В.Балахоновт хоёр орны харилцаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.

Энэ удаагийн олон улсын хуралд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын зонхилон болон шинээр сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчний чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнгээр бичигдсэн нийт 40 гаруй бүтээл ирүүлснээс 12 бүтээлийг амаар, 13 илтгэлийг ханын илтгэлээр хэлэлцүүллээ. Нийт Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Амьтан, шимэгч судлалын тасгийн эрхлэгч, Биологийн шинжлэх ухааны доктор М.В.Корзун нарын “Монгол улсын Сийлхэмийн нурууны тарваган тахлын байгалийн голомтын 2017-2018 он дахь эпизоотын идэвхи” сэдэвт илтгэл нэгдүгээр байрт шалгарч, БНХАУ-ын Хорио цээр, хяналтын академийн судлаач, ангаах ухааны доктор Ванг Жин нарын “Yersina pestis-ийг илрүүлэх хурдавчилсан оношилгооны аргын боловсруулалт ба хэрэглээ”, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шимэгч судлагч Ж.Батцэцэг нарын “Дорноговь аймгийн Замын-Үүд дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотыг судалсан дүн” сэдэвт илтгэл хоёр болон гуравдугаар байрыг эзэллээ. Ханын илтгэлүүдээс Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор С.В.Балахонов нарын “Сибирь дахь тарваган тахлын байгалийн голомт: эпизоот, эпидемиологийн 2018 оны төлөв байдал” сэдэвт ханын илтгэл нэгдүгээр байр, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, магистр Н.Ураншагай нарын “Архангай аймгийн тарваган тахлын байгалийн голомтын орон зайн тархалт”, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн нян судлагч Ж.Энхзаяа нарын “Увс аймагт бүртгэгдсэн боомын хүний өвчлөлийн тархвар зүйн судалгаа” сэдэвт ханын илтгэл хоёр болон гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Хурлын үр дүнд олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг, зонхилон тохиолдож буй болон шинээр сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагаа, судалгааны ажлын чиглэлийг гаргалаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter