ЗӨСТ
Ховд аймаг “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгууллаа
1432

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн гаргасан саналын дагуу Аймгийн Онцгой комиссын хурлаас Коронавируст халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, халдвартай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу “Шуурхай штаб”, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд бэлтгэл, бэлэн байдлыг хангаж “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн байгуулж иргэдэд үйлчилж эхэллээ.

Тус төв нь өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллах ба коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс шинжилгээ авч халдвар илэрсэн иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгч, биеийн байдал нь хөнгөн иргэдэд “Эмчилгээний багц”-ыг олгож, хүнд, хүндэвтэр иргэдийг “Тусгаарлах эмнэлэг”-рүү шилжүүлж ажиллаж байна. Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн 5 төвийн эмч нар өдөрт тус бүр 200 багц бэлтгэн ажиллах юм.

Энд чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын 40 орчим эмч, мэргэжилтэн, ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Аль болох халдварыг эрт илрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах асуудалд анхаарч ажиллаж байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2021.09.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter