Онцлох
Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
3236

Зоонозын өвчин судлалын салбарын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан тус төвөөс 2 жил тутамд зохион байгуулдагддаг “Зоонозын өвчний тулгамдсан асуудал” 24 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 2021 оны 09 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Казакстан зэрэг 5 улсын 15 илтгэгч судалгааны ажлын үр дүнгээ танилцуулав.
Монгол улсын ЭМЯ, ЗӨСҮТ, ЗӨСТ-үүд, ХӨСҮТ, МАУА, АШУҮИС, ХААИС, МЭХ, ЖАЙКА, ОБЕГ; Оросын холбооны улсын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Вирүс судлал, биотехнологи, эрдэм шинжилгээний “Вектор” төв, Саратов хотын Тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний “Микроб” хүрээлэн, Эрхүүгийн гэр бүл нөхөн үржихүйн хүрээлэн, Хэрэглээний микробиологи, биотехнологийн улсын эрдэм шинжилгээний төв; Хятадын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хүрээлэн, Өвөр монголын өөртөө засах орны өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв зэрэг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагын 100 орчим төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар оролцлоо.
ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах хурлын үйл ажиллагааг нээн үг хэлж, зоонозын халдварын судалгаа, шинжилгээний чиглэлээр гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэхээ амлав. Мөн Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хүрэлцэн ирж ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын зонхилон болон шинээр сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчний чиглэлээр хийгдсэн судалгааны үр дүнгээр бичигдсэн нийт 39 гаруй бүтээл ирүүлснээс 15 бүтээлийг амаар хэлэлцүүллээ. Нийт хэлэлцүүлсэн илтгэлүүдээс М.А.Хаснатинов нарын “Хачганд Borrelia burgdorferi sensu lato, B.miyamotoi халдвар илрүүлсэн тоон дүнгээс” сэдэвт илтгэл 1-р байр, Ч.Ганцэцэг нарын “Улаанбаатар хотын золбин нохойн популяцид тархсан Echinococcus сanadensis-ийн молекул эпидемиологийн судалгаа” сэдэвт илтгэл 2-р байр, С.В. Балахонов нарын “Сийлхэмийн нурууны хил дамнасан тарваган тахлын байгалийн голомтод хийсэн Орос-Монголын хамтарсан голомт хяналтын шинжилгээний үр дүнгээс” сэдэвт илтгэл 3-р байрыг тус тус эзэллээ.
Хурлын үр дүнд зонхилон тохиолддог, шинэ болон сэргэн тархаж буй зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, цаашдын хамтын ажиллагаа, судалгааны ажлын чиглэлийг гаргалаа.

Нийтлэгдсэн огноо: 2021.09.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter