Цаг үеийн
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр
977

2022 оны 04 дүгээр сарын 07

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь 1948 оны 04-р сарын 07-нд анх үүсгэн байгуулагджээ. Энэ өдрөөс хойш жил бүрийн 04-р сарын 07-ны өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр болгон зарлаж уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.

Дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг энэ жил дэлхий дахинаа “БИДНИЙ ДЭЛХИЙ, БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНД” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

ДЭМБ-ын тооцоолсноор дэлхий даяар жил бүр 13 сая гаруй хүн хүрээлэн буй орчны шалтгаанаас болж нас бардаг. Хүн төрөлхтний эрүүл мэндэд учирч буй хамгийн том аюул болох уур амьсгалын хямрал үүнд дангаараа орно. Уур амьсгалын хямрал нь эрүүл мэндийн хямралд хүргэж байна.

Улс төр, нийгэм, арилжааны шийдвэрүүд, уур амьсгал зэрэг нь эрүүл мэндийн хямралд нөлөөлж байна. Хүмүүсийн 90 гаруй хувь нь чулуужсан түлш шатааснаас үүдэлтэй эрүүл бус агаараар амьсгалдаг. Дулаарч буй дэлхийд шумуулууд өвчнийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү хурдан, илүү хол тарааж байна. Цаг агаарын эрс тэс үзэгдэл, газрын доройтол, усны хомсдолоос үүдэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлснээр, тэдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байна. Бохирдсон эд зүйлс, хуванцар бүтээгдэхүүнүүд далайн хамгийн гүн ёроол, хамгийн өндөр уулсын оргилд төдийгүй бидний хүнсэнд ч нэвтэрчээ. Хэт үйлдвэржсэн, эрүүл бус хоол хүнс, ундааны тогтолцоо нь таргалалтын давалгааг үүсгэж, хорт хавдар, зүрхний өвчнийг нэмэгдүүлэхээс гадна дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг үүсгэж байна.

COVID-19 цар тахал шинжлэх ухааны үнэн хүчийг харуулсан ч эсрэгээрээ манай дэлхий дээрх тэгш бус байдлыг тодруулж өглөө. Мөн цар тахал нь нийгмийн бүхий л салбарын сул талуудыг илрүүлж, экологийн хязгаарыг зөрчилгүйгээр одоо болон ирээдүй үеийнхний эрүүл мэндийн тэгш байдал, сайн сайхан амьдрах нийгмийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг онцлон харуулсан. Эдийн засгийн өнөөгийн загвар нь орлого, баялаг, эрх мэдлийн тэгш бус хуваарилалтад хүргэж, хэт олон хүн ядуурал, тогтворгүй байдалд амьдарсаар байна. Сайн эдийн засгийн тусгал нь хүний сайн сайхан, тэгш байдал, экологийн тогтвортой байдлыг хангах явдал юм. Эдгээр зорилтуудыг урт хугацааны хөрөнгө оруулалт, сайн сайхан байдлын төсөв, нийгмийн хамгаалал, хууль эрх зүй, төсвийн стратеги болгон хөрвүүлдэг. Өнөөгийн энэ буруу тогтолцоог халахын тулд хууль эрх зүйн арга хэмжээнүүд, корпорациудын шинэчлэл, хувь хүн бүрийн эрүүл сонголтыг дэмжсэнээр хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-health-day/2022

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter