Зөвлөгөө
Үерийн дараах зөвлөмж
2831

Нийслэл, аймаг орон нутагт үргэлжилсэн болон хүчтэй бороо орсны улмаас үер бууж эрүүл ахуй, стандартын шаардлага хангахгүй энгийн бие засах газар, бохирын цооногт байгаа өтгөн шингэн ялгадас, бохир ус, урсч хөрс, орчныг бохирдуулж байна. Энэхүү бохирлогдсон хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэн амьдарч үржих тохиромжтой орчин болдог бөгөөд цаашилбал хөрс, усыг  бохирдуулж, улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсгэдэг.

Бохирлогдсон хөрсөнд халдварт өвчний нян удаан хугацаагаар амьдарч халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тухайлбал: Цусан суулга өвчний үүсгэгч 2-4 сар, балнадын нян 3 сар, кокк хэлбэрийн нян 1-2 сар, үршдэг нян хэдэн арван жил амьдарч гэдэсний балнад, цусан суулга, сальмонеллёз, зооноз гельментүүдийн халдвар, халдварт шар өвчин дэгдэлт хэлбэрээр гардаг.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч хэрэгжүүлнэ үү.

Үүнд:

  • Ундны усыг баталгаат газраас авах, заавал буцалгаж хэрэглэх
  • Ил задгай булаг шандны ус, гар худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг шууд устгах
  • Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон хог хаягдал, шавар шавхайг яаралтай цэвэрлэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгүүлэх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Аяга, таваг, хоолны хэрэгслийг зориулалтын угаагч бодисоор угаах, эсвэл 2%-ийн содын уусмалаар тогтмол угааж хэрэглэх, битүү шүүгээнд хадгалж ялаа болон бусад шавж бохирдуулахаас сэргийлэх
  • Хүн бүр хувийн ариун цэврийг сахих, гадуур явахдаа өмссөн гутал, гадуур хувцасаа солих, угааж цэвэрлэх
  • Хоол хүнсийг заавал бүрэн болгож, буцалгаж хэрэглэх
  • Шууд хэрэглэдэг жимс ногоог сайтар угаах, эсвэл хальсалж идэх
  • Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг халдваргүйжүүлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхэд гадаа тоглосны дараа болон бохирлогдсон тухай бүрт гарыг савандаж угаах
  • Жорлон бохир усны цооногт ялаа, шавж авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх
  • Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах
  • Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
  • Эрүүл мэндийн болон Онцгой байдлын байгууллагаас халдварт өвчний болзошгүй тохиолдлын үед хэрэглэх хүнс, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Мэргэжлийн байгууллагаас нөөцийн хүнсний чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, халдваргүйтгэлийн бодис идэвхийг тодорхойлсны үндсэн дээр халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд ашиглуулах, орон гэр нь үерт авсан хүмүүсийн хорогдох болон түр байршуулах байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт шалгалтыг тогтмол хийж, хүнс, ус болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах
  • Үерийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч халдваргүйжүүлэлт хийх.

Нийтэлсэн огноо: 2023.08.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter