Онцлох
ЗӨСҮТ, УНТЭ-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочилж, хамтран ажиллах талаар санал солилцов
379

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа ЗӨСҮТ, УНТЭ болон БНХАУ-ын Шилийн гол аймгийн нэгдсэн эмнэлэг хоорондын “CHINA-WHO COLLABORATION CENTER FOR FREVENTION AND CARE MANAGEMENT OF ECHINOCOCCOSIS” хамтран ажиллах гэрээний дагуу манай улсын төлөөлөгчид 2024 оны 05-р сарын 31-ээс 06-р сарын 1-нд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочилж, хамтран ажиллах талаар санал солилцов.

Ажлын эхний өдөр Шилийн гол аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ үйл ажиллагаатай танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав. Үүнд: Мэс засал, хавдар судлал, дотрын өвчин, интервенцийн оношилгоо, эмчилгээ, Хятадын уламжлалт анагаах ухаан зэрэг олон чиглэлээр Шилийн гол аймгийн Нэгдсэн эмнэлэг өндөр амжилтад хүрсэн бөгөөд урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, ялангуяа хүндрэлтэй, өвөрмөц тохиолдлуудын талаар алсын зайн цахим холбоосоор байнга санал солилцох, зөвлөгөө авах боломжтойг онцлон ярилцав. Мөн клиникийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг хоёр тал харилцан солилцож сургахад нарийвчилсан зохицуулалт хийж, шийдвэрлэхээр тогтлоо.

Ажлын хоёр дахь өдөр БНХАУ-ын Шинжлэх ухаан, Технологийн яамны Үндэсний лавлагаа лабораторийн захирал, профессор Вен Хао, судлаач Ву Гудон болон бусад мэргэжилтнүүдийн хамт тус эмнэлэгт айлчилж, Монголын төлөөлөгчидтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцав. Тэрээр өөрийн лабораторийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, БНХАУ дахь бэтэг, сүрье, бруцеллёз зэрэг өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, эдгээр халдваруудын талаар хамтран ажиллах боломжуудыг дурдлаа. Монголын талаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал өөрийн эмнэлгийн талаар товч танилцуулга хийж, хамтран ажиллахад таатай байгаагаа мэдэгдсэн бол ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр Монгол улс дахь зоонозын өвчнүүд ялангуяа бруцеллёз, бэтэг өвчнүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгч, хамтран ажиллахад сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Ярилцлагын төгсгөлд профессор Вен Хао Шинжан-Уйгарын Өөртөө Засах Орны нийслэл Өрөмч хотод Зоонозын халдварт өвчний чиглэлээр удахгүй зохион байгуулагдах олон улсын хуралд Монголын төлөөлөгчдийг оролцохыг албан ёсоор урилаа.

Нийтэлсэн огноо: 2024.06.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter