Цаг үеийн
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
401

МАНДАЛЫН САРАН

 (1935-2024)

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн орлогч дарга асан М.САРАН нь таалал төгсөж, тэнгэрийн орноо заларлаа. М.САРАН нь 1935 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрж, өссөн. Тэрээр 1954 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургууль, 1954 онд МУИС-ийн Анагаах ухааны ангид орж суралцан 1959 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хүний их эмч мэргэжлийн эзэмшсэнээс хойш тэрбээр халдвартын эмчийн 6 сарын курс, 1961 онд ЗХУ-д Эрхүү хотын Сибирь алс дорнодын тарваган тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний хүрээлэнд  6 сарын курст суралцаж “Гоц халдвартын  эмчийн мэргэжил эзэмшсэн. М.Саран тарваган тахлын голомтод нийт 6 удаа ажиллаж, өвчний онош тогтоох, халдвар эсэргүүцэх шуурхай хариу арга хэмжээг удирдан зохион байгуулж ажилласан. Холер, боом, ям, тулярами, галзуу болон бусад зоонозын гаралтай халдварт өвчний шинжилгээ судалгаа хийж, холер өвчний лабораторийг ДЭМБ-ын тусламжтайгаар байгуулахад онцгой гавьяа байгуулсан.

Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Байгалийн голомтот ховор халдварт зоонозын өвчний шинжилгээний арга зүй”, урьдчилан сэргийлэх, эмчлэх арга барилын талаар дүрэм, журам, заавар, гарын авлага эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл зэргийг нийт 20 гаруй бүтээл бичиж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Мөн тэрбээр БНМАУ-д “Гоц аюулт халдварт өвчинтэй тэмцэж ирсэн түүх”-ийн ном, “Үүнийг яагаад хорьдог вэ” кино сэтгүүл зэргийг хамтран бичиж хянаж гаргасан байна.

М.Саран  нь

  • 1964-1966 онд Баянхонгор аймгийн Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцын дарга
  • 1966 оноос Гоц аюулт халдварт өвчин эсэргүүцэн судлах төв буюу одоогийн (Одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв)- д  их эмч, тасгийн эрхлэгч, орлогч дарга зэрэг албан тушаалд нийт 27 жил ажилласан
  • М.Саран агсны эрүүл мэндийн салбарт ажилласан хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, эрүүлийг хамгаалахын хүндэт жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байжээ.

М.Саран  Монгол улсын Эрүүл мэндийн болон Зоонозын өвчин судлалын салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, эрдэм номын гэгээн үйлс нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд тод үлдэж, эхлүүлсэн нөр их хөдөлмөрийн үр шимийг түүчээлэн үргэлжлүүлсээр байгаа билээ. Эх нутаг, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөх болтугай.

 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, ахмадын зөвлөл

2024 оны 07 дугаар сарын 18

Улаанбаатар хот

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter