2022 онд Япон улсын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд ISEQ-100 Illumina Next Generation Sequencer өгсөөр генийн дараалал тогтоох судалгааг II-III үеийн аргаар хийж нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх ажил эрчимжсэн.
2023 онд хачигт риккетсиоз, тарваган тахал, ковид-19 халдварын нийт 82 сорьцонд генийн дараалал тогтоосон ба 2022-2023 онд ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын Тарваган тахал эсэргүүцэн судлах төвтэй хамтран MINION NANOPORE аргаар Баян-Өлгий, Увс аймгийн нутгаас илрүүлсэн тарваган тахлын 42 өсгөвөрт генийн дараалал тогтоох судалгааг амжилттай хамтран туршсан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Тус төвд “ГЕНИЙН ДАРААЛАЛ ТОГТООХ” лабораторийн нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо. Нээлтэд төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Амгаланбаяр, гавьяат эмч Н.Цэрэнбүжид, АУ-ны доктор А.Эрдэнэбат, тэргүүлэх зэргийн эмч, магистр Д.Ганболд, генетикч, магистрант Н.Нацагдорж болон ЛЛА-ны удирдлагын баг оролцлоо. Цаашид генийн дараалал тогтоох II-III үеийн аргыг ашиглан судалгаа хийснээр судлаачдын эрдэм шинжилгээний ажилд томоохон ахиц гарна.
Нийтэлсэн огноо: 2024.10.23