Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Азтай савар ТББ” нар хамтран Гэрийн тэжээвэр амьтдын өдөрлөгийг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр анх удаа зохион байгууллаа. Уг өдөрлөгийг цаашид нийгмийн хандлагыг өөрчлөх, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, амьтанд ээлтэй, хүмүүнлэг бодлогын хэрэгжилтийг дэмжих чухал арга хэмжээ болгон үргэлжлүүлэх юм. Гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэнд, халамж, хамгаалал нь хувь хүний асуудлаас гадна орон нутгийн удирдлага, төрийн байгууллагуудын дэмжлэг, олон нийтийн оролцоо шаарддаг нийгмийн асуудал билээ.
Өдөрлөгийн үеэр иргэдийн тэжээвэр амьтдыг оролцуулсан хэд хэдэн хөгжөөнт тэмцээн уралдаан, хонжворт сугалаа явагдаж, соёл урлагийн одод өөрсдийн уран бүтээлийн дээжээс олны хүртээл болгосноос гадна “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болон олны танил хүмүүс оролцсон нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр оролцож, тус хуулийн ач холбогдол, тэжээвэр амьтдаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчнүүдийн талаар товч мэдээлэл өгч, амьтан тэжээхэд хувь хүний хариуцлага чухал болохыг иргэдэд анхааруулж, мэдээлэл хүргэлээ.
Нийтэлсэн огноо: 2025.04.24