Цаг үеийн
ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд олон улсын сургалтад хамрагдлаа
6

2025 оны 11 дүгээр сарын 10-19-ний хооронд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд Тайландын Бангкок хот болон ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан хоёр чухал чиглэлийн олон улсын сургалтад амжилттай хамрагдлаа.

Тайланд улсад зохион байгуулагдсан “Ази, Номхон далайн бүс нутагт нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулахын тулд AMU/AMR өгөгдлийг тайлбарлах бүсийн сургалт”-д Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мал эмнэлгийн хүрээлэн болон ЗӨСҮТ-ийн Лавлагааны лабораторийн албаны нян судлаач О.Эрдэнэцэцэг оролцож, 10 гаруй орны 50 орчим мэргэжилтэнтэй хамт AMU/AMR-ын өгөгдлийг зөв тайлбарлах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах арга туршлага солилцов.

Мөн энэ хугацаанд ОХУ-ын Эрхүү хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс зохион байгуулсан “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомтод тандалт ба лабораторийн оношлогоо” сэдэвт сургалтад ЗӨСҮТ болон хил орчмын Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн салбар төвийн 10 эмч, мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтаар тарваган тахлын голомтод тандалт хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, лабораторийн аюулгүй ажиллагаа, үүсгэгчийн оношилгоо болон явуулын лабораторийн дадлага зэрэг чухал хичээлүүд заагдав.

2017 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй энэхүү хамтарсан сургалтад өнөөдрийг хүртэл 100 гаруй мэргэжилтэн хамрагдаад байгаа бөгөөд 2026-2028 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.

Нийтэлсэн огноо: 2025.11.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter