Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад аймаг, нийслэлийн ЗӨСТ-ийн удирдлагууд болон халдвар судлагч, нян судлаач зэрэг нийт 61 гаруй эмч, мэргэжилтэн идэвхтэй хамрагдав.
Сургалтын хүрээнд шувууны томуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, сорьц цуглуулах болон тээвэрлэх арга зүйн талаар цогц мэдлэг, мэдээллийг хүргэлээ.
Нүүдлийн шувуудын шилжилт хөдөлгөөн идэвхжиж буй энэ үед манай улсад шувууны томуугийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл нэмэгдэж байгаа тул мэргэжилтнүүдийг нэгдсэн арга зүй, мэдээллээр хангах нь халдварын эрт сэрэмжлүүлэг, шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой юм.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс орон нутгийн мэргэжилтнүүдийг тогтмол чадавхижуулах, зоонозын халдварт өвчний тандалт, хяналтыг сайжруулах чиглэлээр шат дараатай сургалтуудыг цаашид тогтмол зохион байгуулан ажиллах болно.

Нийтэлсэн огноо: 2026.04.29




