Сургалт
“Лейшманиазын судалгаа ба вакцины инновацын шинжлэх ухааны шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын хамтарсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
27

“Лейшманиазын судалгаа ба вакцины инновацын шинжлэх ухааны шинэ чиг хандлага” сэдэвт хамтарсан сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэнгийн нийт 13 мэргэжилтэн оролцож, лейшманиаз өвчний судалгаа, оношилгоо, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцов.
Тус арга хэмжээнд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид зочин илтгэгчээр оролцож, лейшманиаз өвчний дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүн, вакцин хөгжүүлэлтийн шинэ чиг хандлага, өвчний тархалт болон хүн амд үзүүлэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зочин илтгэгчдээр АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны (FDA) Биологийн хяналт, судалгааны төвийн Шинээр сэргэж буй болон цус сэлбэлтээр дамжих халдварт өвчний хэлтсийн захирал, профессор Хира Накаши, АНУ-ын Охайо Мужийн Их Сургуулийн Векснер Эрүүл мэндийн төвийн Эмгэг судлал болон Микробиологийн тэнхимийн судалгаа эрхэлсэн дэд захирал, профессор Абхай Сатоскар, АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Дамжуулагчийн молекул биологийн тэнхимийн судлаач доктор Шадин Камхави, Япон улсын Нагасаки их сургуулийн Халуун орны өвчний анагаах ухааны хүрээлэнгийн дэд захирал, профессор Шинжиро Хамано, Бутан улс дахь ДЭМБ-ын Олон улсын болон Нэг эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, анагаах ухааны доктор Шитар Доржи, Бутан улсын JDWNRH эмнэлгийн арьс судлалын зөвлөх, анагаах ухааны доктор Амбика Прадан нар оролцсон юм.
Сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг туршлагаа хуваалцсан эрхэм зочид, эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийлье.
Мөн арга хэмжээний хүрээнд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны (FDA) Биологийн хяналт, судалгааны төв, АНУ-ын Охайо Мужийн Их Сургууль болон Бутан улс дахь ДЭМБ-ын төлөөлөгчид Зоонозын өвчин судлалын үндэсний төвд зочилж, лейшманиаз болон зоонозын гаралтай үл тоомсорлогдсон халдварт өвчний судалгааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, судалгааны ажлыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцон, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.

Нийтэлсэн огноо: 2026.06.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter