Зоонозын өвчнүүд
Галзуу өвчин
16268

Галзуу гэж ямар өвчин бэ?

  • Галзуу өвчин мал амьтнаас хүнд халддаг
  • Вирусээр үүсгэгддэг
  • Төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг
  • Зоонозын хурц халдварт өвчин юм.

 

Галзуу өвчний ерөнхий мэдээлэл

Дэлхий дахинаа тархсан. Жилд ойролцоогоор 65000-87000 эндэгдлийн тохиолдол гардгийн ихэнх нь Ази (38000-60000), Африк(27000) хөгжингүй орнуудад тохиолддог байна. Сүүлийн 10 жилд Хятад, Тайланд, Вьетнамд галзуугаас шалтгаалсан нас баралтыг эрс бууруулсан байна. ОХУ, Баруун, Төв, зүүн Европын орнууд галзуугаас шалтгаалсан өвчлөлийн эндэгдлээ 50-иас бага хэмээн мэдээлсэн байна. Монгол улсад 21 аймгийн 226 сум байгалийн голомттой, жилдээ мал, амьтны өвчлөл 500-600 тохиолдол, нохой болон мал, амьтанд уруулан вакцин, ийлдэс тариулсан тохиолдол хүн 10,000 орчим, галзуугийн өндөр эрсдэлтэй зэрлэг амьтанд уруулж, ноцуулсан хүний тоо дундажаар 90 тохиолол бүртгэгддэг. 1972 оноос хойш хугацаанд нийт 36 хүн галзуу өвчний улмаас нас барсан байна.

Халдвар ямар замаар дамждаг вэ?

Галзуурсан амьтны шүлстэй хамт өвчний вирус хазсан буюу маажсан газраар орж халдварлуулна. Маш ховор тохиолдолд арьсанд үүссэн шарх, салст мембранаар нэвтрэх замаар халдварладаг. Хүнээс хүнд халдварлах нь онолын хувьд боломжтой боловч баримтжуулаагүй. Галзуурсан амьтны вирус агуулсан шүлс, хазсан буюу маажсан газраар нэвтэрч халдварлана.

Галзуугаар ямар амьтад өвчилдөг вэ?

Галзуу өвчнөөр бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү их мэдрэг.

Галзуугаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний эмнэлзүй өвчний урьдал үе, хөөрлийн үе саажилтын үе гэсэн 3 үе шатаар илэрнэ.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Эмгэг судлалын шинжилгээнд уртавтар тархи, бага тархи, аммоны эвэр, нугасны дээд хэсэг, шүлсний булчирхай, бөөрний дээд булчирхайн зэрэг эрхтэнээс 3*3 см хэмжээтэй сорьц авч, 50%-ийн ариун глицериний уусмалд хийж, сорьцтой шилэн савыг мөс бүхий саванд хийж хөдөлгөөнгүй байрлуулан лацдаж битүүмжлэн 48 цагийн дотор холбогдох газар хүргүүлнэ.  

Галзуу өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ

Зэрлэг мал, амьтантай харьцдаг хүмүүс халдвар авах нь илүү байдаг. Монгол улсын хувьд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын 50% нь малчид байна.

Галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах

  • Төрийн байгууллагын зүгээс эрлэг амьтныг өгөөш вакцин хэрэглэж дархлаажуулах, гэрийн тэжээвэр амьтдын тооллого судалгааг хийж вакцинжуулах үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах
  • Хот суурин газарт эзэнгүй нохойг хяналтанд авах, тэжээвэр нохой, муурыг мал эмнэлгийн хяналтанд байлгаж, вакцинжуулах, галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах
  • Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг 5 минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаах
  • Яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтанд байх
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter