Онцлох
“Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
1768

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний 22 дугаар хурал 2017 оны 07-р сарын 05, 06-нд болж өнгөрлөө. Тус хуралд ЗӨСҮТ-тэй хамтын ажиллагаатай улс орнуудын төлөөлөл ОХУ, БНХАУ, Казахстан, ХБНГУ болон салбар хоорондын байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцлоо.

Сүүлийн жилүүдэд зоонозын гаралтай өвчлөлүүд, түүний дотор шинээр болон сэргэж буй халдварууд олон улсын түвшинд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүсгэх хэмжээний томоохон асуудлууд болоод байгаа билээ. Иймээс шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнүүдийн үүсгэгчийг байгаль, мал, амьтан, дамжуулагчдын дунд болон хүнээс хүнд хэрхэн орчиж буйг байгаль, дэлхий, уур амьсгалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн, улс орны нийгэм эдийн засгийн байдал, хүн амын амьдралын нөхцөл, онцлог, хүнсний хэрэгцээ зэрэг олон үзүүлэлттэй харьцуулан биологийн болон анагаахын шинжлэх ухааны ололт, технологийн дэвшлийг ашиглан судалж, зүй тогтлыг илрүүлэх нь нэн чухал юм.

Энэхүү хурлын зорилго нь зоонозын халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хурлын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Зоонозын халдвар нэг улсын төдийгүй бүс нутгийн, улмаар дэлхийн нийтийн асуудал болсон энэ үед зоонозын халдварын тулгамдсан асуудлаар олон орны эрдэмтэн судлаачид, түүний дотор манай мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын судлаачид оролцон мэдлэг туршлагаа хуваалцаж буйд ЭМС-ын хувьд туйлын талархалтай байна. Гадны 10 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаа нь энэ хурлын ач холбогдол улам өндөр болгож байна. Энэ хурлаас сайхан үр дүн хүлээж байгаа бөгөөд тулгамдаж буй асуудлаар та бүхний гаргасан шийдвэрийг сайд би биелүүлэх болно” хэмээн хэллээ.

Уг хуралд нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож:

  • “Баянзүрх дүүрэгт хийсэн эзэнтэй ба золбин нохойн тооллого, нохойгоор дамжих зоонозын өвчний тандалт судалгааны дүн”,
  • “Орос, Монголын нутагт тархсан иксод хачгийн төрөл зүйлд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл”,
  • “Казахстан улсын өмнөд хэсэгт бүртгэгдсэн хачигт энцефалитын хүний өвчлөл”,
  • “Дундговь аймагт хийгдсэн хачгаар дамжих халдварын тандалт судалгааны дүн”,
  • “Алмат орчим бүс нутаг нь  хачигт риккетсиозын зүйлүүдийн Казахстан дахь хамгийн их холилдсон хэсэг болж байна”,
  • “Говь-Алтай аймгийн Цогт сумын D.nuttali хачгинд зарим зооноз өвчний шинжилгээ хийсэн дүн”,
  • “Монгол-Хятадын хил орчмын нутгийн хачиг ба мэрэгчийн дамжуулагчаар дамжих халдварт өвчний халдварлалт, Хятад-Монголын хамтарсан тандалт судалгааны үр дүн”
  • “Listeria monocytogenes-ийн хоруу чанарыг тодорхойлсон дүн”
  • “Сибирийн тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын ба тархвар судлалын төлөв байдал”
  • “Тарваган тахлаар өвчлөгсдийн цусны бүлгийг судалсан дүн”
  • “Нийслэлд ирж буй тарваган тахал өвчний холбогдолтой амьтны дуудлагад хийсэн дүн шинжилгээ”
  • “Кыргызстан улсын Сарыджан дахь тарваган тахлын голомтын алтайн тарваганы биоценоз, экологийн онцлог
  • “Возрождени арал орчмын тарваган тахлын голомтын нөхцөл байдлын дүн шинжилгээ”
  • “БНХАУ-ын нэвтрэн орох цэг дахь НЭМНБОУ-ын байгууллагын хариу арга хэмжээ”

зэрэг сэдвүүдээр судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцүүллээ.

Уг олон улсын хурлаар зоонозын халдварт өвчнүүдийн тархвар судлал, молекул биологи, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ зоонозын халдварт өвчний эрдэм шинжилгээний ажлууд, сүүлийн үеийн ололт амжилтыг харилцан мэдээллэж, амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийтлэсэн огноо: 2017.07.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter