ЗӨСТ
Тарваган тахлын тухай баримтат киноны зураг авалт амжилттай хийгдлээ
1207

Баянхонгор аймгийн ЗӨСТ нь анх 1944 онд Заг суманд Оросын их эмч  Е.К. Димедовын удирдлага дор “Тарваган тахал эсэргүүцэх станц” нэртэйгээр байгуулагдаж, 1944-1948 онуудад Е.К.Димедова эмчээс гадна амьтан судлагч  П.П.Тарасов, их эмч Семирнов нар ажиллаж байсан түүхтэй. Тэдний хүүхдүүд болох Марк Демидов, Галена Тарасова, Сергей Смирнов нар болон ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн нийгмийн ухааны хүрээлэнгийн дэд захирал, режиссер Е.А.Туринцева нар санаачлан  “Хар үхлийг ялагчид” баримтат кино бүтээхээр болсон.

Уг баримтат кинонд тарваган тахлын өвчлөл ихтэй хүнд жилүүдэд Монгол оронд, тэр дундаа Баянхонгор аймгийн Заг суманд хүн ардын эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байсан аав, ээжийнхээ тухай, мөн тухайн он жилүүдэд гарч байсан тахал өвчний талаар өгүүлэх юм.

Уг ажлын хүрээнд Монгол, Оросын хамтарсан 7 хүний бүрэлдэхүүнтэй зураг авалтын багийнхан 2017 оны 08 дугаар сарын 16-аас 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн төв, Заг сум болон Жаргалант суманд ажиллаж байгаа ЗӨСТ-ийн хээрийн отряд дээр зураг авалтын үйл ажиллагааг амжилттай хийлээ.

Энэхүү баримтат кино нь Тарваган тахлын чиглэлээр Баянхонгор аймагт төдийгүй, Монгол улсад  гарч байгаа анхны баримтат кино болох юм.

Баримтат кино бүтээх үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга, дэмжиж, хамтран ажилласан аймгийн Эрүүл мэндийн газар, Заг сумын удирдлагуудад талархал илэрхийлье.

Баянхонгор аймгийн ЗӨСТ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter