Ховд аймгийн Жаргалант суманд тус аймгийн оршин суугч “М”-д тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрч, тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдаж, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна.
ЗӨСҮТ-өөс эрсдэлийн үнэлгээ хийн, голомтод ажиллаж буй мэргэжлийн багт холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хүнсний болон бараа, түүхий эдийн захууд, үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа, бар, ресторан зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудад хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Нөхцөл байдалтай холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Сэрэмжлүүлэг:
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргийг хориглох;
- Тарваганы түүхий эд, мах, эд эрхтэнг хот, суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгнө үү.