Цаг үеийн
“Хар үхлийг ялагчид” баримтат киноны зураг авалтыг Баянхонгор аймагт хийж, Монгол улс дахь ОХУ-ын элчин сайдын яаман дээр хэвлэлийн бага хурал зохион байгуулав
1422

Монгол Улсад тарваган тахал өвчинтэй тэмцэх ажлын үндэс суурийг тавихад оролцож, Баянхонгор аймгийн Заг суманд анхны тарваган тахлын станцыг байгуулан ажиллаж байсан ОХУ (ЗСБНХУ)-ын эрдэмтэн, судлаачид П.П.Тарасов, Е.К.Демидова, В.П.Смирнов нарын хүүхдүүд болох М.П. Демидов, Г.П.Тарасова нар 2015 онд Монголд ирж ЗӨСҮТ болон Баянхонгор аймгийн ЗӨСТ-д зочлон төрж, өссөн газруудаараа явж эцэг эхтэйгээ хамт Монголд амьдарч байсан түүхийн хуудсыг дахин сөхсөн нь баримтат киног бүтээх санааг төрүүлсэн байна.

Эдгээр хүмүүстэй хамт ажилладаг ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн нийгмийн ухааны хүрээлэнгийн дэд захирал, режиссер Е.А. Туринцева “Хар үхлийг ялагчид” баримтат кино бүтээхээр санаачлан 2017 оны 3, 6 дугаар сард Монголд хүрэлцэн ирж уг киноны асуудлаар ЗӨСҮТ болон Монголын холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан Монголын талаас киног бүтээхэд оролцох багийг бүрдүүлсэн.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлага,  хамт олон кино бүтээх санал, санаачлагыг талархалтайгаар дэмжин хамтран ажиллаж байна.

Монгол оронд тарваган тахалтай тэмцэж ирсэн түүх, ЗХУ-ын эрдэмтэн, судлаачдын дурсгалыг мөнхжүүлэх, тарваган тахал өвчнөөс  хүн амыг сэргийлэх тогтолцооны нэр хүнд, ач холбогдлыг онцлон харуулах  “Хар үхлийг ялагчид” баримтат киноны зураг авалтыг хийх зорилгоор 2017 оны 8 сарын 13-наас 20-ны өдрүүдэд тус төвийн гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭНБД Д.Цэрэнноров, дуудлагын жолооч Б.Алтансүх нар ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн дэд захирал Е.А. Туринцева ахлагчтай баримтат киноны зураг авалтын баг болон киноны баатар болох М.П. Демидов, Г.П. Тарасова, С.В. Смирнов нартай хамтран киноны баатруудын эцэг, эхийн ажиллаж байсан Баянхонгор аймагт ажиллалаа.

Тэд Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргал, ЭМГ-ын дарга А.Ганболд, ЗӨСТ-ийн дарга Э.Цэнд нартай уулзан ажлын зорилгоо танилцуулан хамтран ажилласан ба ЗӨСТ-ийн үйл ажиллагаа, лаборатори, амьтны музей, архивын ажилтай танилцан зураг авалтыг хийсэн. Түүнчлэн Жаргалант сумын нутагт ажиллаж байсан тус төвийн хээрийн шинжилгээний отряд, Заг суманд очиж зураг авалт хийлээ. 1944-1950 оны үед Заг суманд амьдарч байсан киноны баатруудын эцэг эхийн талаар болон тухайн үед гарч байсан тарваган тахал өвчний талаар мэдэх, одоо Баянхонгор аймгийн төв, Заг суманд амьдарч буй 5 өндөр настантай уулзаж ярилцлага зохин байгуулж зураг авалт хийсэн.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл 2017 оны 8 дугаар сарын 21-нд Баянхонгор аймагт ажиллаад ирсэн кино зургийн багийнхантай тус ЭСЯ-ны Сүлд танхимд уулзаж хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Элчин сайдын яамны элчин- зөвлөх Рыгзэн Ракшаев уулзалтыг нээж манай оронд дэлхийн хоёрдугаар дайн болж байсан хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэнд аюулт өвчинтэй тэмцэхэд тусалж байсныг харуулах их чухал, хэрэгтэй үйл ажиллагааг зохион байгуулж байгаад киноны багийнханд болон дэмжлэг, туслалцаа үзүүлж буй Монголын байгууллагууд, Оросын соёл, шинжлэх ухааны төвд талархал илэрхийлэв.

Хэвлэлийн бага хуралд Оросын ЭСЯ-ны элчин- зөвлөх Рыгзэн Ракшаев Монгол дах Оросын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын дарга,  Оросын соёл, шинжлэх ухааны төвийн захирал Евгений Михайлов, киноны зохиогч, Эрхүүгийн Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн захирал Елена Туринцева, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, тус төвийн гадаад харилцаа хариуцсан мэргэжлтэн Д.Цэрэнноров, тарваган тахлын станцид ажиллаж байсан Оросын мэргэжилтнүүдийн хүүхдүүд Марк Павлович Демидов, Сергей Васильевич Смирнов, Галина Петровна Беловежец нар оролцлоо.

Энэ удаа Монголд ирсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж зураг авалтаараа маш их материал цуглуулсан, одоо үүнийгээ монтажлах, эвлүүлэх гэх мэт маш чухал ажлууд байгааг тэд дурьдсан.  Зураг авалтын ажилд дэмжлэг үзүүлсэн хамтран ажилласан байгууллага, хүмүүст гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн.

Энэхүү баримтат кино бүтээгдсэнээр тарваган тахал өвчнийг ямар аюултай болох, түүнээс сэргийлэх, тэмцэх ажил нь маш их хүч, хөдөлмөр шаарддаг болохыг орчин үеийн залууст хүргэх чухал ач холбогдолтой болохыг хэвлэлийн баг хуралд оролцогчид тус бүрдээ онцлон тэмдэглэж байлаа.

Хэдлэлийн баг хурлын ажиллагааг МҮОНТ, VTV, МОНЦАМЭ агентлаг, “Монголын мэдээ” сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид сурвалжлан оролцогчдоос ярилцлага авсан.

ЗТХНСА

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter