Онцлох
“Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам’-ын дадлага сургуулилт зохион байгуулагдлаа
3428

2018 оны 05-р сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ыг танилцуулах танхимын сургуулилтыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа. Сургуулилтад ЗӨСҮТ, Баруун бүсийн 5 аймгийн ЗӨСТ, Хөвсгөл аймгийн ЗӨСТ, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ЗДТГ, ОБГ, МХГ, ЭМГ, НЭ, ЗӨСТ, ХХААГ, ЦГ, ХЦА зэрэг мэргэжлийн байгууллагууд Ногооннуур, Улаанхус, Цагааннуур сумдын мэргэжилтнүүд нийт 70 хүн оролцлоо.Сургуулилтын нээлтэд Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан, ЭМЯ-ны мэргэжилтэн А.Долгорханд, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын дарга С.Айгүл нар үг хэллээ. Танхимын сургуулилтын явцад “Тарваган тахлын булчирхайн хэлбэрийн сэжигтэй тохиолдол”-ын цагийн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг “EBS” программыг анх удаа ашиглан туршлаа.
2 дахь өдөр нь “Тарваган тахлын сэжигтэй тохиолдол” бүртгэгдсэн үед авах хариу арга хэмжээний тухай үзүүлэх сургуулилтыг Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны хээрийн эмнэлэгт болон Улаанбайшинтын боомтод зохион байгууллаа.
Дасгал сургуулилтад ОХУ-ын Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Алтайн БНУ-ын ЭМЯ, хэрэглэгчийн хяналтын газар, Алтайн тарваган тахал эсэргүүцэх станц, эрүүл ахуй, халдвар судлалын төв Кош-Агачийн районы захиргаа, Кош-Агачийн районы эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Баян-Өлгий аймгийн нутагт болсон дасгал сургуулилтыг үргэлжлүүлэн 2018 оны 05-р сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-ы Кош-Агачийн районы шалган нэвтрүүлэх “Tашанта” боомтод тарваган тахал өвчний булчирхайн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн тээврийн хэрэгсэл, зорчигчийг илрүүлэн халдварт өвчний сэжигтэй өвчтөнд авах хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан талаарх дасгал сургуулилтыг ОХУ-ын Алтайн БНУ-ын захиргаа, ЭМЯ, хэрэглэгчийн хяналтын газар, эрүүл ахуй, халдвар судлалын төв хамтран зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд районы дарга Абзала Мухтасыровын даргалсан халдвар эсэргүүцэх комисс хуралдаж зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн, алдаа оноо, дэвшил, сургамж зэргийг хэлэлцэн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг ярилцан тохиролцлоо.
Дасгал сургуулилт нь Монголын болон Алтай Бүгд Найрамдах Улсын талын холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудын тарваган тахал өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдолд ажиллах бэлэн байдал өндөр түвшинд байгааг харууллаа. Дасгал сургуулилтад оролцогчид Алтай Бүгд Найрамдах Улс, Баян-Өлгий аймгийн хувьд халдварт өвчний эрсдэл ижил түвшинд нийтлэг байгаа нөхцөлд маш чухал ач холбогдолтой бөгөөд хэрэгцээтэй цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэсэн.
Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтын 2/3 нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 1/3 нь Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агачийн районы нутаг дэвсгэрт оршиж байна. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтонд эпизоотийн төлөв байдал өндөр эрсдэлтай байж хүний өвчлөлийн тохиолдлууд Монгол улс болон Алтайн БНУ-д бүртгэгдэж байгаа нь урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ, хамтарсан хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд улс бүрийн холбогдох мэргэжлийн байгууллагууд төдийгүй олон улсын түвшинд хамтран ажиллахыг шаардаж байна.
Тарваган тахал болон бусад зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаашид улам сайжруулахад орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагууд, олон улсын хамтын ажиллагаа чухал байна.

Нийтлэсэн огноо: 2018.05.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter