Цаг үеийн
Зоонозын судалгааны Германы платформоос зохион байгуулсан хурал-семинарт оролцов
1282

ХБНГУ-ын Зоонозын судалгааны Германы платформ, Бундесвехрийн микробиологийн хүрээлэнгээс 2019 оны 06-р сарын 12-нд Мюнхен хотод зохион байгуулсан “Герман-Төв Азийн хамтын ажиллагаатай орнуудын өндөр хоруу чанар бүхий зоонозын эмгэг төрүүлэгчдийн бодит тархалт, орчин үеийн оношилгооны аргууд болон био хамгааллын асуудал” хурал-семинарт ЗӨСҮТ-ийн гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, биологийн ухааны доктор Д.Цэрэнноров оролцож, “Mongolian-German cooperations on highly infectious diseases’ илтгэлээр ЗӨСҮТ, Бундесвехрийн микробиологийн хүрээлэнгийн 2009-2017 онд хамтран хэрэгжүүлсэн зарим тандалт судалгааны дүн болон тарваган тахал, хачигт энцефалит өвчнүүдийн молекул биологийн судалгааны үр дүнг танилцуулан цаашид хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлж хэлэлцүүлсэн. Тус хуралд ХБНГУ, Швейцарь, Монгол, Тажикистан, Украйн, Казахстан, Гүрж, Пакистан улсын 10 гаруй байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, 2 талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн судалгааны үр дүнгийн 18 илтгэлийг танилцуулан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн ач холбогдлыг өндрөөр үнэлж боломжуудын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн ДЭМБ-ын халуун орны анзаардаггүй өвчний хяналтын албаны зоонозын анзаардаггүй өвчний багийн ахлагч доктор Bernardette Abela-Ridder оролцож ‘’Perspectives on neglected zoonotic diseases in Central Asia and Mongolia from WHO’’ илтгэлийг танилцуулж, анзаардаггүй өвчний асуудлаар хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэсэн.

Бундесвехрийн микробиологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй 2019 оны 06-р сарын 13-ны өдөр хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнийг докторын болон докторын дараах сургалтад хамруулах боломжийг судлах, хачигт энцефалит болон ханта вирусийн халдварын чиглэлээр хамтран ажиллах төсөл боловсруулах, хачигт энцефалитын вирусийг Германаас авахад бүрдүүлэх материалуудыг судалж мэдээлэл солилцох, судалгааны явцад сорьцыг бэлэн байлгах, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулсан байх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Дээрх хурал нь ХБНГУ-ын боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэй “TraCoPathAg“ төслийн хүрээнд 04-05-р сард Казахстан, Тажикистан, Монгол улсад зохион байгуулагдсан ‘’Travelling conference on actual distribution, modern detection methods and aspects of biosecurity for highly pathogenic zoonotic agents in Central Asia and Mongolia’’ хурал-семинарын үргэлжлэл байлаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.06.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter