Цаг үеийн
Ирэх арван жилд эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд
10397

            Шинэ он гарч, шинэ арван эхэлж байгаатай холбогдуулан ДЭМБ-аас дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын жагсаалтыг гаргаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа манай мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан энэхүү жагсаалт улс орнуудын удирдлагууд эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, тогтолцоонд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгааг харуулж байгаа нь харамсал төрүүлж байна. Энэ байдал хүмүүсийн амь нас, амьжиргаа, эдийн засгийн боломжийг эрсдэлд хүргэж байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар биш ч шийдвэрлэх боломжууд байдаг. Олон нийтийн эрүүл мэнд нь эцсийн эцэст улс төрийн шийдвэрээс хамаарч байна.

            Эрүүл мэнд бол ирээдүйд хийх хөрөнгө оруулалт гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Улс орнууд террорист халдлагуудаас хамгаалах гэж маш их хөрөнгө зардаг ч түүнээс илүү олон хүний амь насыг авдаг, нийгэм, эдийн засгийн ноцтой хохирол учруулдаг вирусийн халдваруудад анхаарал сул тавьдаг. Аливаа цар тахал ямар ч улс орон, хүчирхэг эдийн засгийг өвдөг дээр нь сөхрүүлж чадна. Тийм учраас эрүүл мэндийн аюулгүй байдал зөвхөн эрүүл мэндийн яамны асуудал биш юм.

            Энэ бүх бэрхшээлт асуудлууд зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд  нийтийг хамарсан аюул заналд бүх нийтээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилтуудын шийдвэрлэх хугацаа болох 2030 он ойртож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас үлдэж буй 10 жилийг “Үйл ажиллагааны 10 жил” хэмээн зарлалаа.

            Энэ нь эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн дэд бүтцийн сул талыг арилгахад чиглэсэн үндэсний санхүүжилтийг дэмжихээс гадна ядуу буурай улс орнуудад дэмжлэг үзүүлэх гэсэн санаа юм. Одоо хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд хүмүүсийн амь нас, мөнгийг хамгаалах болно. Юу ч хийхгүй бол юуг ч олж авч чадахгүй.  Эдгээр чухал зорилтыг хэрэгжүүлэхийн тулд засгийн газар, олон нийт, олон улсын байгууллагууд хамтран ажиллах ёстой. Эрүүл дэлхийг бүтээхэд хялбар зам байхгүй. 2030 он ойртсоор, бид эрх баригчдын амлалт, хариуцлагыг тооцох цаг дөхсөөр…

Dr Tedros Adhanom Ghebreyesus, WHO Director-General

  1. Уур амьсгалын өөрчлөлт дэх эрүүл мэндийн асуудлууд

Уур амьсгалын өөрчлөлт эрүүл мэндийн хямралыг бий болгож байна. Агаарын бохирдол нь жил бүр ойролцоогоор 7 сая хүний амь насыг бүрэлгэдэг бол цаг уурын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдлийг үүсгэж, хоол тэжээлийн дутагдлыг нэмэгдүүлж, хумхаа мэтийн халдварт өвчний тархалтыг тэлж байна. Дэлхийн дулаарлыг өдөөж буй дулааны ялгарал нь зүрхний шигдээс, цус харвалт, уушгины хорт хавдар, амьсгалын замын архаг өвчнүүдээс үүдэлтэй нас баралтын дөрөвний нэгээс илүү хувийг эзэлдэг. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагууд агаар мандлаа цэвэр байлгаж, уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд хамтран ажиллах ёстой.

Зураг 1. Хатсан хөрсөн дээр гишгэж буй хүүхдийн хөл

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ-аас боловсруулсан агаарын чанарын удирдамжийг 2019 онд 50 улсын 80 хот өөрсдийн агаарын бохирдол, уур амьсгалын бодлогодоо тусгаж ажиллахаар болсон. Энэ жилээс ДЭМБ засгийн газруудын агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах багц бодлогыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

  1. Дайн мөргөлдөөний үеийн эрүүл мэндийн түргэн тусламж

ДЭМБ-аас 2019 онд дайн байлдаан үргэлжилж буй орнуудад учирсан өвчнүүдийн дэгдэлт бүрт хариу өгч ажилласан. Түүнчлэн эрүүл мэндийн ажилтнууд, байгууллагууд руу чиглэсэн аюултай хандлагуудтай тулгарч байв. Өнгөрсөн онд 11 улсад эрүүл мэндийн үйлчилгээ рүү халдсан 978 дайралт, 193 хүний нас баралтыг ДЭМБ бүртгэсэн байна. Үүний зэрэгцээ мөргөлдөөнүүдийн улмаас олон тооны хүн орон гэргүй болж, хэдэн арван сая хүн эрүүл мэндийн тусламж авах боломжгүй болсон. Зарим газруудад энэ байдал урт хугацааны турш үргэлжилсээр байна.

Зураг 2. Арабын Бүгд Найрамдах Сири Улсын түргэн тусламж

 ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ өнгөрсөн жил 50 орны 58 онцгой байдлын үед хариу арга хэмжээ авсан. Бид эмнэлгийн хөдөлгөөнт багийг байршуулж, өвчин илрүүлэх, сэрэмжлүүлэх системийг сайжруулж, вакцинжуулалтын кампанит ажлыг зохион байгуулж, эм тарааж, эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж байна. ДЭМБ нь эрүүл мэндийн системийг бэхжүүлж, бэлэн байдлыг сайжруулах, эрүүл мэндийн нарийн төвөгтэй нөхцөл байдалд урт хугацааны болзошгүй санхүүжилтийн боломжийг өргөжүүлэх чиглэлээр улс орнууд болон түншүүдтэй хамтран ажиллаж, хүний амь насыг аврах, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ эдгээр тусламж үйлчилгээ нь үндсэн асуудлын зөвхөн нэг хэсэг л юм. Удаан үргэлжилсэн зөрчлүүдийг зогсоох, эрүүл мэндийн сул тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн ажилтнууд, байгууламжуудыг халдлагаас хамгаалахад улс төрийн оновчтой шийдвэр хэрэгтэй байна.

  1. Эрүүл мэндийн эрх тэгш үйлчилгээ

Нийгэм-эдийн засгийн ялгаатай байдал эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ч тусгалаа олсоор байна. Амьдралын дундаж наслалтын хугацааны ялгавар баян, ядуу улс орнуудын хооронд төдийгүй хотуудын хооронд ч ажигладаж байна.  Үүний зэрэгцээ, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижин гэх мэт халдварт бус өвчлөлийн дэлхийн өсөлт нь бага болон дунд орлоготой орнуудад харьцангуй илүү дарамт учруулж, ядуу өрхүүдийн нөөцийг хурдан шавхдаг.

Зураг 3. Хүүхдээ тэврэн орон дээр сууж байгаа эх

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ эх хүүхдийн асрамж, хоол тэжээл, хүйсийн тэгш байдал, сэтгэцийн эрүүл мэнд, усны хүрэлцээ, түүний эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Мөн ДЭМБ төрийн болон хувийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлага, менежментийг сайжруулах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш бус байдлыг хэрхэн бууруулах талаар удирдамж өгөх болно. Тэгш бус байдлыг бууруулах хамгийн сайн арга зам бол анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох юм. ДЭМБ улс орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1-ээс илүү хувийг анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах, чанартай үйлчилгээг улам бүр хүмүүст ойртуулах шаардлагатайг уриалж байна.

  1. Эмийн хүртээмжийг өргөжүүлэх

Дэлхийн хүн амын гуравны нэг хувь нь эм, вакцин, оношилгооны хэрэгсэл болон бусад эрүүл мэндийн чухал бүтээгдэхүүнүүдийг авах боломжгүй байдаг. Чанартай эрүүл мэндийн бүтээгдэхүүний дутагдалтай байдал хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэхээс гадна аливаа өвчний үүсгэгчийг эмэнд тэсвэртэй болгож байна. Эрүүл мэндийн тогтолцоонд эмийн бүтээгдэхүүнүүдийн зардал эрүүл мэндийн ажилтнуудад зарцуулах зардлын дараа ордог бол буурай болон хөгжиж буй орнуудын хувьд эмнэлгүүдийн ихэнх зардлыг эзэлдэг.

Зураг 4. Бангладешийн эмийн сан

ДЭМБ юу хийж байна вэ?

Энэ жил ДЭМБ эмийн хүртээмжийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж ажиллана. Үүнд: Эрүүл мэндийн шаардлага хангаагүй хуурамч бүтээгдэхүүнүүдтэй тэмцэх, хангамжийн сүлжээгээр чанартай эмийн бүтээгдэхүүнүүдийг дамжуулан ядуу буурай орнуудын чадавхийг нэмэгдүүлэх, чихрийн шижин мэтийн халдварт бус өвчнүүдийн эмчилгээ, оношилгоог сайжруулах үйл ажиллагаанууд байх юм.

  1. Халдварт өвчнүүдийг хязгаарлах

ХДХВ, сүрьеэ, вирусийн шар, хумхаа, анзаарагддаггүй өвчнүүд, бэлгийн замын мэтийн халдварт өвчнүүдээр 2020 онд 4 сая гаруй хүн нас барна гэж тооцоологдсон байна. Үүний зэрэгцээ, 2019 онд 140,000 (үүний ихэнх нь хүүхэд) хүний амийг авч одсон улаанбурхан мэтийн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийг устгах ажиллагаа үргэлжлэх болно. Хэдийгээр халдварт сааг устгах ажиллагаа амжилттай байгаа ч өнгөрсөн онд зэрлэг полиовирусийн 156 тохиолдол бүртгэгдсэн нь 2014 оноос хойших хамгийн олон тохиолдол болжээ. Үүний үндсэн шалтгаан нь санхүүжилтийн түвшин хангалтгүй, тухайн өвчнүүдээр нутагшмал орнуудын эрүүл мэндийн тогтолцоо сул байгаагаас гадна чинээлэг улс орнуудын тусламж дутагдалтай байгаатай холбоотой юм.

Зураг 5. Халдварт саагийн вакцинд хамрагдаж байгаа хүүхэд

ДЭМБ юу хийж байна вэ?

Тогтмол дархлаажуулалтыг бэхжүүлэх, төлөвлөлтийг мэдээлэх мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, эмэнд тэсвэртэй байдлыг бууруулах зэрэг зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхэд улс төрийн хүсэл эрмэлзэл зайлшгүй шаардлагатай байна. Мөн шинэ эм, оношилгоо, вакциныг судлах, хөгжүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай байна.  ДЭМБ түншүүдтэйгээ хамтран халдварт сааг аль болох хурдан зогсоохоор ажиллаж байна.

  1. Дэгдэлтийн бэлэн байдал

Жил бүр дэлхий даяар өвчнүүдийн дэгдэлт, байгалийн гамшиг, эрүүл мэндийн онцгой байдлын үйл ажиллагаануудын үед болон тэдгээрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудад хариу арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Шинэ, өндөр халдвартай цар тахлууд, агаар дуслын замаар халддаг томуугийн халдварт ихэнх хүмүүс дархлаа байдаггүй. Иймд хэрвээ цар тахал гарвал хурдтай тархан, олон сая хүний амь насанд заналхийлнэ.

Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шумуулаар дамжих денг, хумхаа, зика, чикингуня, шар чичрэг зэрэг өвчнүүд шинэ орон зайд хурдацтай тархаж байна.

Зураг 6. Испанийн томуугийн дэгдэлтийн үеийн эмнэлгийн тасгийн байдал

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ улс орнуудад эрүүл мэндийн яаралтай нөхцөл байдал үүссэн үед хүн амыг аюулгүй байлгах үүднээс эрүүл мэндийн систем, дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор нотолгоонд суурилсан хөрөнгө оруулалтын талаар улс орнуудад зөвлөж байна.  Бэлэн байдлын дэлхийн хяналтын зөвлөлөөс 2019 онд гаргасан тайландаа улс орнууд дотоодын болон олон улсын хамтын хамтын ажиллагааны бэлэн байдлын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг дурьдсан долоон алхмыг тусгажээ.

  1. Аюултай бүтээгдэхүүнээс хүмүүсийг хамгаалах

Хоол хүнсний хомсдол, аюултай хоол хүнс, эрүүл бус хоолны дэглэм нь өнөөгийн дэлхийн нийт өвчний бараг 1/3 –ийг эзэлдэг. Олон сая хүн өлсгөлөн, хоол хүнсний хомсдолд автсаар байна. Хоол хүнсний хомсдол нь дайны зэвсэг болон ашиглагдах аюултай. Үүний зэрэгцээ өндөр сахарын агууламжтай ундаа, ханасан өөх тос, транс өөх тос, давсны хэт хэрэглээ, хоолны буруу дэглэм нь илүүдэл жин, хэт таргалалтыг бий болгож, улмаар эдгээрээс шууд хамааралтай өвчнүүд дэлхийн хэмжээнд өсч байна. Мөн түүнчлэн тамхины хэрэглээ цөөн хэдэн оронд буурч байгаа боловч ихэнх орнуудад өсч байгаа бөгөөд электрон тамхины эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн баримт бий болсоор байна.

Зураг 7. Залуу охин электрон тамхи татаж байгаа нь

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ нь хоол хүнсний тогтолцоог өөрчлөх, эрүүл, тогтвортой хоолны дэглэмийг хангахад баримт нотолгоонд суурилсан төрийн бодлого, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн шинэчлэлийг боловсруулах чиглэлээр улсуудтай хамтран ажиллаж байна.

2019 оноос хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, 2023 гэхэд хоол хүнсэн дэх транс өөх тосыг арилгахаар ажиллаж байгаа боловч ихээхэн чармайлт шаардагдаж байна. Мөн ДЭМБ  нотолгоонд суурилсан тамхины хяналтын бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх улс төрийн үүрэг хариуцлага, чадавхийг бий болгох чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллаж байна.

  1. Эрүүл мэндийн ажилтнуудад хөрөнгө оруулалт хийх

Эрүүл мэндийн ажилтнуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд шаардлагатай хөрөнгө оруулалт хангалтгүй, зохих цалингаа авч чадахгүй байгаа нь дэлхий даяар эрүүл мэндийн ажилтнуудын дутагдалд хүргэж байна. Чухамдаа эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн тогтвортой тогтолцоонд аюул учруулж байна. Дэлхий нийт 2030 он гэхэд эрүүл мэндийн 18 сая нэмэлт ажилтантай болох шаардлагатай байгаа бөгөөд нэн түрүүнд бага болон дунд орлоготой орнуудад 9 сая сувилагч болон эх баригч шаардлагатай байна.

Зураг 8. Ядарсан эрүүл мэндийн ажилтны түр амсхийлт

ДЭМБ юу хийж байна вэ?

Дэлхийн Эрүүл мэндийн ассемблейгаас 2020 оныг эрүүл мэндийн ажилтнуудын боловсрол, ур чадвар, тэдний ажлын байранд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор ‘Сувилагч, эх баригчийн жил’ болгон зарласан. ДЭМБ түншүүдтэйгээ хамтран 4-р сард “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-өөр Дэлхийн асрагчдын нэгдсэн тайланг гаргаж танилцуулна. ДЭМБ эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, тэдэнд зохих цалинг олгох шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор улс орнуудтай хамтран ажиллаж байна.

  1. Өсвөр насны хүүхдийг аюулгүй байлгах

Жил бүр 10-19 насны 1 сая гаруй өсвөр насныхан нас бардаг. Энэ насны бүлэгт нас баралтын тэргүүлэх шалтгаанууд нь зам тээврийн осол, ХДХВ, амиа хорлолт, амьсгалын доод замын халдвар, хүмүүс хоорондын хүчирхийлэл болдог. Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, бие махбодийн үйл ажиллагаа сулрах, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, хүүхдийн хүчирхийлэлд өртөх зэрэг нь эдгээр эрсдлийн шалтгаануудыг нэмэгдүүлдэг.

Зураг 9. Хоёр өсвөр насны хүүхэд хөгжим сонсож байгаа нь

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ 2020 онд бодлого боловсруулагч нар, эрүүл мэндийн ажилтан, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан ‘Өсвөр насныханд тусалъя’ сэдэвт шинэ удирдамж гаргана. Энэхүү ажлын зорилго нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг төлөвшүүлэх, мансууруулах бодис, согтууруулах ундаа, өөртөө учруулах хор хөнөөл, хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлгийн замаар дамжих халдвар, жирэмслэлтээс хамгаалах, ХДХВ-ийн халдвар, асрамж, халамжийн талаар мэдээлэл өгөхөд оршино. ДЭМБ хүнд бэртэлт (жишээ нь буу буудсан, зам тээврийн осол) гэмтлийн дараах яаралтай тусламжийг сайжруулах чиглэлээр засгийн газруудтай үргэлжлүүлэн ажиллана.

  1. Олон нийтийн итгэлийг олох

Итгэлцэл нь өвчтөнүүд эрүүл мэндийн үйлчилгээнд найдаж, эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөг /вакцинжуулалт, эм уух, бэлгэвч хэрэглэх зэргээр/ дагаж мөрдөх эсэхийг тодорхойлоход тусалдаг. Нийтийн мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээллийг хяналтгүй түгээх, түүнчлэн төрийн байгууллагуудад итгэх итгэлийг үгүй хийх замаар нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Вакцины эсрэг хөдөлгөөн нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөөр нас барах эрсдлийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болж байна.

Зураг 10. Бага насны хүүхэд MMR вакцин хийлгэж байгаа байдал

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахын тулд тухайн улс, нийгэмд итгэгдсэн, мэдлэг чадвартай хүмүүстэй хамтран ажиллаж хүмүүст үр дүнтэй, хямд үйлчилгээнд хялбархан хамрагдах боломжийг олгож байна. Бид Facebook, Pinterest болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн платформуудтай хамтран өөрсдийн хэрэглэгчдийг вакцин болон бусад эрүүл мэндийн асуудлаар найдвартай мэдээлэл олж авдаг болгохын тулд ажиллаж байна.

Шинжлэх ухаанч мэдээллийг ойлгох чадвартай, эрүүл мэндийн боловсролыг бий болгох нь амин чухал байна. Аливаа хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээ байдаг бөгөөд иймээс эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн нийгэмлэг өөрсдийн хэрэглэгч олон нийтийн үгийг сонсохын тулд илүү сайн ажил хийх хэрэгтэй. Эцэст нь бид нийгмийн эрүүл мэндийн мэдээ мэдээллийн системийг сайжруулахад хөрөнгө оруулах хэрэгтэй байна.

  1. Шинэ технологийг ашиглах

Шинэ технологи нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадваруудыг өөрчилж байна. Геномын засвар, синтетик биологи болон эрүүл мэндийн дижитал технологи мөн түүнчлэн хиймэл оюун ухаан зэрэг нь олон асуудлыг шийдэх боловч хяналт сэргийлэлтийн олон асуулт, сорилтыг бий болгож байна. Тэдгээрийн нийгмийн ёс зүй, үр дагаврыг гүнзгий тооцоолохгүйгээр шинэ бүтээл бий болгох нь шинэ технологийн үр шимийг хүртэх хүмүүст хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Зураг 11. Ухаалаг утасны хэрэглээ

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ 2019 онд хүний геномыг засах, дижитал эрүүл мэндийн чиглэлээр нотлох баримтуудыг шалгаж, заавар зөвлөгөө өгөх зорилгоор дэлхийн тэргүүлэх шинжээчдийг нэгтгэн шинэ зөвлөх хороог байгуулсан. Мөн улс орнуудтай хамтран ажиллаж, эмнэлзүйн болон нийгмийн эрүүл мэндийн оновчтой шийдлийг бий болгох шинэ арга хэрэгслийг боловсруулж, үр өгөөжтэй, боловсронгуй, ашиглахад нь илүү сайн зохицуулалт хийх боломжийг олгохын тулд ажиллаж байна.

  1. Эмийн хяналт

AMR /Нянгийн антибиотикт тэсвэрт чанар (anti-microbial resistance)/-ийн заналхийлэл нь орчин үеийн ангаах ухааныг антибиотикийн өмнөх эрин үе рүү аваачиж байна. Нянгийн антибиотикт тэсвэрт чанарын өсөлт нь эмийн жорын үйлчилгээний хяналт, чанартай, хямд эмийн хангамж, хүртээмж, цэвэр усны хангамж, түүний ариун цэвэр, эрүүл ахуй, урьдчилан сэргийлэлт, хяналтын ажлууд сул байгаагаас үүдэлтэй.

Зураг 12. Капсул бүхий антибиотик

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ байгаль орчин, хөдөө аж ахуй, мал амьтны салбарт үндэсний болон олон улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран АМR-ийн аюулыг бууруулах чиглэлд ажиллахын зэрэгцээ шинэ, чанартай антибиотик бий болгох судалгааг хөгжүүлэхийг дэмжин ажиллаж байна.

  1. Цэвэр усны аюулгүй байдал, хангамж

Дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн дөрвөн байгууламж тутмын нэг нь усны хангамжгүй байдаг. Ус, түүний ариун цэвэр, эрүүл ахуй нь эрүүл мэндийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл мэндийн байгууллагуудад энэ байдал дутмаг байгаа нь эмчилгээний чанар муу, өвчтөн, эрүүл мэндийн ажилтнуудын халдвар авах магадлал нэмэгдэхэд хүргэдэг. Дэлхий даяар олон тэрбум хүн цэвэр аюулгүй ундны усны дутагдалтай, ариун цэврийн шаардлага хангаагүй (зохих ариун цэврийн байгууламжгүй) орчинд амьдарч байгаа бөгөөд эдгээр нь өвчнүүдийн гол хүчин зүйл болж байна.

Зураг 13. Хувин руу цутгах ус

ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ болон түүний түншүүд одоогоор ядуу буурай, хөгжиж байгаа 35 улсын эрүүл мэндийн байгууллагуудын ус, түүний ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Дэлхий нийтийн зорилго бол бүх улс орнуудад 2023 он гэхэд WASH (Water, sanitation and hygiene- Ус, түүний ариун цэвэр, эрүүл ахуй) үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг төлөвлөгөө, төсөвтөө оруулж, 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд бүх эрүүл мэндийн байгууллагууд WASH-ийн суурь үйлчилгээтэй болох ёстой.

Эх сурвалж: https://www.who.int/news-room/photo-story/photo-story-detail/urgent-health-challenges-for-the-next-decade

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter