Цаг үеийн
“Монгол улсад бэтэг өвчний тандалтын тогтолцоо байгуулах, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх” сургалтыг амжилттай зохион байгууллаа
1453

ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд 2019 оноос эхлэн “Пробитас” олон улсын сангийн санхүүжилтээр “Нохойн популяцийн бэтгийн халдваржилтыг тогтооход копро эсрэг төрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Монгол улсад бэтэг өвчний тандалтын тогтолцоо байгуулах, лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад 21 аймгийн МЭГ, ЗӨСТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн нийт 48 шимэгч судлаач хамрагдаж, бэтгийн үүсгэгчийн жинхэнэ эзний халдваржилтыг тогтоох тандалт судалгааны болон лабораторийн шинжилгээнүүдийг хэрхэн гүйцэтгэх арга зүйд суралцав. Сургалтыг зохион байгуулахад ЗӨСҮТ-өөс гадна МЭХ, МЭЕГ, ХӨСҮТ, “ЖАЙКА” Олон улсын байгууллага оролцсон нь Халуун бүсийн анзаарагддаггүй өвчнүүдтэй тэмцэхэд салбар хоорондын байгууллагуудын хамтын үйл ажиллагааг чухал болохыг уриалсан ДЭМБ-ын уриалгыг Монгол улсад хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл болж буй онцлог юм. Хичээлүүдийг МЭХ, “ЖАЙКА” ОУ-ын байгууллага, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эрдэмтэн багш нар заалаа. Сургалтыг 3 удаагийн ээлжээр, танхимын хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд сүүлийн ээлжийн төгсөгчид өнгөрсөн баасан гараг (06-р сарын 12)-т сургалтын гэрчилгээгээ ЗӨСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах, МЭХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Бямбажав, МЭЕГ-ын сургалт хариуцсан менежер Б.Баяртунгалаг, “ЖАЙКА” ОУ-ын байгууллагын төслийн зохицуулагч С.Ганзориг нараас гардан авлаа. Ингэснээр Монгол улсад мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн бэтэг болон зоонозын гельминтүүдээр үүсгэгдэх өвчнүүдийн тандалтын тогтолцооны суурь тавигдаж, нэгж тус бүрд ажиллах мэргэжилтнүүдийн онолын ба практик чадавх нэмэгдэв.

Нийтлэгдсэн огноо: 2020.06.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter