Коксод эгэл биетнээр үүсгэгддэг эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг халдварт өвчин юм.
Хүнд тусдаг халдварууд дотроос хамгийн хүнд хэлбэр нь төрөлхийн токсоплазмоз байдаг.
Үүсгэгч
T.gondii нь эгэл биетний ангид хамаарах бөгөөд үршил үүсгэдэг бичил биетэн юм. Энэ өвчний үүсгэгч нь хагас саран хэлбэртэй 4-7х2-4 мкм хэмжээтэй, гулгах маягийн хөдөлгөөн хийдэг. T.gondii нь трофозоит, цист ба ооцист гэсэн хөгжлийн 3 үе шатыг дамжин амьдардаг.
Илрэх шинж тэмдэг
Халдвар авсан насанд хүрэгчдэд ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй боловч дархлааны тогтолцоо суларсан хүмүүстухайлбал ХДХВ –ын халдвартай хүмүүст анхдагч эсвэл дахин идэвхжсэн халдварын үед толбот, гүвдрүүт тууралт гарч, араг ясны булчингийн эмгэг, церебрит, хориоретинит, хатгалгаа, миокардит үүсч хүндэрч болно. Тархины токсоплазмоз нь ДОХ –ын үед элбэг тохиолдоно. Жирэмсэний эрт үед анхдагчаар халдвар авбал урагт халдвар дамжин, ураг эндэх аюултай. Эсвэл хореоретонит, тархины эдийн шохойжилт, усан тархи, микроцефали, халууралт, шарлалт, тууралт, элэг дэлүү томрох, татах шинж тэмдэгүүд төрөх үед болон төрсний дараа илэрч болно.
Эх уурхай
T.gondii –ийн эцсийн эзэн нь муур, муурын төрлийн бусад амьтад байдаг. Тэдний гэдсэнд шимэгчийн хөгжлийн үе шат явагдаж, 10-20 хоног баасаар нь ооцист ялгардаг. T.gondii –ийн завсарын эзэн нь хонь, ямаа, мэрэгч, гахай, үхэр, тахиа, шувуу юм. Эдэд байгаа цист удаан хугацаанд амьдрах чадвартай ба тухайн эзэн амьтанд амьдралын хадгалагдаж байдаг.
Тархалт
Дэлхий даяар сүүн тэжээлтэн болон шувуудын дунд тархсан. Хүний халдвар элбэг байдаг.
Халдвар дамжих зам
Анхдагч халдварын үед жирэмсэн эмэгтэйн цусанд эсүүд эргэлдэж байгаа үед эхсээр дамжин урагт дамжих ба мөн цус юүлэх үед халдвар дамжина. Бага насны хүүхэд халдвартай муурын баасаар халдварлагдсан тоглоомын талбай, хашаанд, элсэн дээр тоглох үедээ халдвартай ооцист залгих, халдвартай ооцист бүхий хоол хүнс болон усанд орох, эсвэл өтгөнөөр бохирлогдсон гараар халдвар дамжина. Мөн завсрын эзний мах, махан бүтээгдэхүүнийг дутуу болгож хүнсэнд хэрэглсэнээр халдвар авна.
Урьдчилан сэргийлэлт
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зааж сургах
- Махыг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
- T.gondii–ын эсрэг биетэй эсэхээ мэдэхгүй тохиолдолд муурын хэвтэрийг цэвэрлэх, таньж мэдэхгүй мууртай харьцахаас зайлсхийх
- Муурыг хуурай савласан, чанаж болгосон хоолоор тэжээж, амьтан барьж идүүлэхгүй байх
- Муурын баасыг бээлий өмсөн өдөр бүр хаяж, хэвтэрийг цэвэрлэж байх. Хуурай хэвтэрийг хаяхдаа аль болох сэгсрэхгүй байвал ооцист агаарт тархахаас сэргийлнэ.
- Түүхий мах, муурын баасаар бохирдсон хөрсөнд хүрсний дараа, хоол идэхийн өмнө гараа угааж байх.
Оношлогоо
Ийлдэс судлалын шинжилгээ, молекул биологийн шинжилгээгээр оношлодог.
Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх
Сэжигтэй өвчтнөөс цус, ийлдэс, нугасны шингэн, ургийн ус, цогцосноос зүрх, дэлүүний сорьц авна. Өвчтөнөс цус авахдаа хураагуур судаснаас 4-6 мл цус авна. Нугасны усыг бүсэлхийн хэсэгт хатгалт хийж авах ба нарийн мэргэжлийн эмч авна. Дээрх сорьцыг ийлдэс судлал, молекул биологийн аргаар шинжилнэ.