Онцлох
ОХУ-ын мэргэжлийн байгууллагатай хилийн бүс нутагт хамтран ажиллахаар боллоо
1513

Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс нутагт зоонозын өвчний эрсдэлийг тодорхойлох тандалт судалгаа хийх үндэслэл, нөхцлийг тодорхойлох, ОХУ-ын мэргэжлийн байгууллагатай хэлэлцээр хийж, хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2017 оны 06-р сарын 06-07-ны өдрүүдэд ОХУ-ын Чита хотод зохион байгуулсан уулзалтад Зоонозын  Өвчин Судлалын Үндэсний Төвийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноров, Хэнтий аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн дарга Г.Наранхүү, нян судлагч, эмч Г.Ганцэцэг нар оролцлоо. Уулзалтыг Өвөрбайгалийн хязгаарын Холбооны эрүүл мэндийн байгууллагын Читийн тарваган тахал эсэргүүцэн судлах станциас санаачлан зохион байгуулж Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тархвар судлалын хэлтсийн дарга С.. Косилко, Өвөрбайгалийн хязгаарын хэрэглэгчдийн эрх ашиг ба хүний сайн сайхан байдлыг хамгаалах хяналтын холбооны албаны орлогч захирал С.. Лапа, Читийн тарваган тахал эсэргүүцэн судлах станцийн захирал В.А.Агапов, орлогч захирал А.В. Мошкин болон лаборатори, тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтад Читийн тарваган тахал эсэргүүцэн судлах станцийн орлогч захирал А.В. Мошкин, Хэнтий аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвийн дарга Г.Наранхүү нар станц болон төвийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны түүх, үр дүнгээс танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Оросын Холбооны Улсын Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тархвар судлалын хэлтсийн дарга С.. Косилко, Өвөрбайгалийн хязгаарын хэрэглэгчдийн эрх ашиг ба хүний сайн сайхан байдлыг хамгаалах хяналтын холбооны албаны орлогч захирал С.. Лапа, Читийн тарваган тахал эсэргүүцэн судлах станцийн захирал В.А.Агапов, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн,эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноров нар хамтын ажиллагааны асуудлаар тус бүр үг хэлж санал солилцлоо.

Уулзалт хэлэлцээрийн явцад хилийн бүсэд хамтарсан тандалт судалгаа хийх, мэргэжилтэн солилцон дадлагажуулах, туршлага солилцох, хамтарсан бүтээл бичих, дадлага сургуулилалт хийх зэрэг  8 асуудлын хүрээнд санал чиглэлийг боловсруулан хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг нарийвчлан хэлэлцсэний үр дүнд хоёр улсын 5 байгууллагын төлөөллүүд хэлэлцээрийн Монгол, Орос хэл дээрх протоколд гарын үсэг зурж баталгаажуулав.

Уулзалт хэлэлцээрийн үр дүнд дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Оросын Холбооны Улсын Холбооны эрүүл мэндийн байгууллагын Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Өвөрбайгалийн хязгаарын хэрэглэгчдийн эрх ашиг ба хүний сайн сайхан байдлыг хамгаалах хяналтын холбооны албаны Тамгын газар, Холбооны эрүүл мэндийн байгууллагын Читийн тарваган тахлын станц болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын  Өвчин Судлалын Үндэсний Төв, Монгол Улсын  Хэнтий аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв  хооронд  тарваган тахал өвчний хил дамнан зөөвөрлөгдөн тархах эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн хамтын ажиллагааны асуудлаархи хэлэлцээрийг хийж баталгаажуулсан.
  2. ОХУ-ын мэргэжлийн байгууллагатай 20 дугаар зуунд хамтран ажиллаж байсан туршлагыг сайшаан сэргээж буйгаараа энэ уулзалт чухал ач холбогдолтой байлаа.
  3. Хэнтий аймгийн ЗӨСТ нь хилийн бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ЗӨСҮТ-тэй хамтран оролцож хилийн бүсийн голомтыг хамтран судлах боломж бүрдлээ.
  4. 2017 онд хамтран гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайлан, 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан хэлэлцэхээр тохиролцлоо.

Читийн тарваган тахал эсэргүүцэн судлах станцийн түүхийн музей, номын сангийн танилцуулга    

Музей дах ЗӨСҮТ-тэй хамтран ажиллаж байсан түүхээс

1989 онд Хэнтий, Дорнод аймагт Монгол-Оросын хамтарсан тандалт судалгаанд ажиллаж байсан Читийн тарваган тахал эсэргүүцэн судлах станцийн амьтан судлагч Кардаш Анатолий Иванович, ЗӨСҮТ-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Цэрэнноров нар энд уулзсан аз завшаан тохиолоо.

ЗӨСҮТ, Хэнтий аймгийн ЗӨСТ

Нийтлэсэн огноо: 2017.06.15

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter