Таны мэдлэгт
Олон улсын судлаачид, санхүүжүүлэгчид COVID-19 –ийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тогтоолоо
1352

2020 оны 2-р сарын 12 Швейцарийн Женев хот

Дэлхийн өнцөг булан бүрээс эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч мэргэжилтнүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Женевийн төв байранд шинэ COVID-19 өвчний талаархи өнөөгийн мэдлэгийг үнэлэх, судлаагүй орхигдсон байдлыг олж илрүүлэх, гарч болох дэгдэлтийн бэлэн байдлыг хангах, дэгдэлтийг зогсооход шаардлагатай тэргүүлэх судалгааг хурдасгах, санхүүжүүлэх чиглэлээр хэлэлцсэн байна.

ДЭМБ-ын судалгаа, боловсруулалтын төлөвлөгөөний дагуу дэгдэлтийн өмнөх эм, вакциныг хөгжүүлэх стратеги, судалгаа шинжилгээний явцыг хурдасгах зорилгоор 2 өдрийн форумыг зохион байгууллаа.

“Энэ өвчний дэгдэлт нь олон улсын улс төр, санхүү, шинжлэх ухааны эв нэгдлийг шалгаж буй сорилт юм. Бид хил хязгаарыг хүндэтгэдэггүй дайсантай тулалдахын тулд нэгдэж, энэ дэгдэлтийг эцэслэхэд шаардлагатай нөөц бололцоог бүрдүүлж, асуудлуудын хариултыг олохын тулд хамтран ажиллаж шинжлэх ухааны хамгийн оновчтой тэргүүлэх чиглэлийг тогтоох хэрэгтэй. Судалгаа нь дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний салшгүй хэсэг юм ”гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал доктор Тедрос Адханом Гебрейюсус хэлэв.  Мөн тэрээр судалгааны нийгэмлэгийнхэн бидэнтэй богино хугацаанд холбогдож, тодорхой төлөвлөгөө, хамтран ажиллах тухай эерэг хариу өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн.

GloPID-R (Халдварт өвчний бэлэн байдлын дэлхийн судалгааны хамтын ажиллагааний төв)-тай хамтран зохион байгуулсан уг уулзалт нь томоохон судалгааны санхүүжүүлэгчид болон төрөл бүрийн салбарын 300 гаруй эрдэмтэн, судлаачдыг нэгтгэсэн юм. Тэд дэгдэлтийн болон түүнийг хянах арга замын талаар хэлэлцсэн.Үүнд

  • Вирусийн эволюци, түүний тархалт, оношилгоо;
  • Вирусийн үүслийг тодорхойлох чиглэлээр амьтан, хүрээлэн буй орчны судалгаа хийх, түүний дотор хүн-амьтны харилцан үйлчлэлийн заагийн менежментийн арга хэмжээ;
  • Тархвар судлалын судалгаа;
  • Вирусийн шалтгаант өвчний эмнэл зүйн онцлог, менежмент;
  • Эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах хамгийн сайн аргыг тусгасан халдвараас урьдчилан сэргийлэх, хянах удирдамж;
  • Халдварын үеийн эмчилгээ, вакцины судалгаа, хөгжил;
  • Судалгааг ёс зүйн үүднээс авч үзэх;
  • Дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээнд нийгмийн шинжлэх ухааныг нэгтгэх.

‘Энэхүү уулзалт нь судалгааны нэн тэргүүний зорилтуудыг тодорхойлох боломжийг бидэнд олгосон юм. Бид санхүүжүүлэгч талын хувьд ДЭМБ-тай хамтран дэгдэлтийг зогсоох зорилгоор энэхүү хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай судалгааг хийх санхүүжилтыг зохицуулан ажиллах болно’ гэж GloPID-R-ийн дарга дурьджээ.

Уулзалтанд 300 гаруй эрдэмтэн, судлаачид биечлэн оролцож, дэлхийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар зөвшиж, түүнчлэн уулзалтаас гарсан зөвлөмжийн дагуу цаашид үргэлжилэх эрдэм шинжилгээний харилцаа, хамтын ажиллагааг ДЭМБ-аас зохицуулж, хэрэгжүүлэх механизмыг нарийвчлан тодорхойлсон байна. Тэд судалгааны санхүүжүүлэгчидтэй хамтарч, чухал судалгааг нэн даруй эхлүүлэхийн тулд шаардлагатай нөөцийг хэрхэн дайчлах боломжийг тодорхойллоо.

Хэлэлцүүлэг нь шаардлагатай бүхий л судалгааг төлөвлөн судалгааны үндэс суурь болох инновацийн зураглал гаргах бөгөөд үүнийг судлаачид болон санхүүжүүлэгчид судалгааны үр дүнг хурдасгахад ашиглана.

Жич: GloPID-R нь дэлхийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдалд хөрөнгө оруулах олон улсын судалгааны санхүүжилтийн байгууллагуудын холбоо юм.

Эх сурвалж: https://www.who.int/news-room/detail/12-02-2020-world-experts-and-funders-set-priorities-for-covid-19-research

Нийтлэгдсэн огноо: 2020.02.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter