Цаг үеийн
Эмгэнэл
1386

БУДЖАВЫН ЭНЭБИШ /1945-2021/

Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын шилдэг удирдагч, гоцынхны эрхэм хүн, ахмад настан бидний хайртай хүн Буджавын Энэбиш тэнгэрийн орондоо заларч бидэнд хүнд гарз тохиолоо.
Б.Энэбиш нь 1945 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1967 онд АУДС-ийн эмчилгээний факультетийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1972-1979 онуудад Алдархаан, Дөрвөлжин сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, 1979-1990 онд Эрүүлийг хамгаалах газрын дарга, 1990-1993 ГАХӨЭСГазар Халдвар судлагч их эмч, 1993-1997 онд Нэгдсэн эмнэлэгийн дарга, 1997-2000 он Улаан загалмайн хорооны дарга, 2000-2011 онд БГХӨЭСГазрын даргаар тус тус ажиллаж байсан.
1975 онд хүүхдийн эмчийн, 1979 онд Эрүүлийн хамгаалах газрын зохион байгуулагч, 1981-1982 онд ЗХУ-д Эрүүлийг Хамгаалахын зохион байгуулагчийн дээд курсыг төгсч Нийгмийн эрүүл ахуйч-эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч, 1984 онд удирдах ажилтны дээд курсд суралцаж төгссөн. Анагаах Ухааны магистр, Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах үндэсний төвийн “Хүндэт профессор” цолтой.
БГХӨТГазрын даргын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа тарваган тахал, боом зэрэг байгалийн голомтот халдварт өвчний хүний өвчлөлийн 10 гаруй тохиолдлын голомтыг цомотгон дарах ажлыг оновчтой, шуурхай зохион байгуулж 2003 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт тодорхой оношгүйгээр нас барсан хүнийг тарваган тахал өвчин байж болзошгүй гэж сэжиглэн дуудлагын баг ажиллуулснаар тарваган тахлын уушгины хэлбэрээр нас барсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоож хариу арга хэмжээг яаралтай авч 3 хүүхэд нь уушгины хэлбэрийн халдвар авсныг илрүүлэн тусгаарлаж эмчилгээнд оруулснаар халдвар цааш тархах, олон хүний эрүүл мэнд, улс орны эдийн засагт их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж өвчлөлийн голомтыг цомотгон дарж чадсан нь энэ хүний ажлын туршлага, байгуулсан гавъяа мөн билээ.
Б.Энэбиш нь БГХӨТГазрын даргаар ажиллах хугацаандаа мэргэшсэн эвсэг хамт олныг бүрдүүлж, ажилчдын ажиллах аятай тухтай нөхцлийг бүрдүүлэх, цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр санаачлага гарган ажиллаж 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар шинэ барилга барих ажлыг шийдүүлсэн.
Б.Энэбиш дарга нь удирдах ажилтанд байх бүх сайн чанарыг эзэмшсэн шилдэг удирдагч байсан. Түүний эрүүл мэндийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж 6,7,8-р таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, БГХӨСҮТөвийн Хүндэт тэмдэг, Эрүүлийн хамгаалахын Жуух, Тэргүүний ажилтан цол тэмдэг, Монгол улсын төрийн дээд одон “Алтан гадас, хошой Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан. Түүний Гоц халдвартын системд оруулсан хувь нэмэр, хийсэн ажил, гавъяа зүтгэлийг үнэлж БГХӨСҮТөвийн дээд шагнал болох “Хүндэт дэвтэрт” мөнхлөн бичиж алдаршуулсан билээ.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, үнэнч шудрага, зарчимч зан чанар, хүний төлөө гэсэн сэтгэл, гэгээн сайхан дүр нь бидний сэтгэлд үүрд хадгалагдан үлгэр дуурайлал болсоор байх болно.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Та минь тэнгэрийн орондоо амгалан морилдоо.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter