Таны мэдлэгт
Коронавируст халдвар (COVID-19): Вирусийн эволюци
1400

Вирусийн мутац, өөрчлөлт гэж юуг хэлэх вэ?

Вирус өөрийгөө дахин хуулбарлаж, олшруулах үед заримдаа маш бага хэмжээний алдаанууд гардаг. Энэ алдаа өөрчлөлтүүдийг мутац гэдэг. Нэг буюу хэд хэдэн шинэ мутацтай вирусийг анхны вирусын ‘хувилбар‘ гэж нэрлэдэг. Вирусийн тархалт ихсэх тусам өөрчлөлт ихэсдэг. Эдгээр өөрчлөлтүүд нь заримдаа анхны вирустэй харьцуулахад хүрээлэн буй орчиндоо илүү сайн дасан зохицсон вирусын хувилбарыг бий болгодог. Ингэж орчиндоо сайн зохицох вирусийн өөрчлөлт, шалгарлын үйл явцыг “вирусийн эволюц” гэдэг.

Зарим мутацийн дүнд вирусийн дамжин халдварлах болон эмгэг төрүүлэх чадвар нэмэгддэг.

Зарим вирусүүд хурдан өөрчлөгддөг бол зарим нь удаан хугацаанд өөрчлөгддөг. Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн өөрчлөлт ХДХ-ын болон томуугийн вирусийн өөрчлөлтийн хугацаатай харьцуулахад удаан байдаг. Үүнийг вирусүүд өөрийгөө хуулбарлах үйл явцад гарсан алдааг “засварлах механизмт”-тай холбож тайлбарладаг. Судлаачид энэ механизм хэрхэн ажилладагийг илүү сайн ойлгохын тулд үргэлжлүүлэн судалсаар байна.

SARS-CoV-2 өөрчлөгдөж байгаад бид санаа зовох ёстой юу?

Вирус өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл боловч чухал үр дагаварт хүрч болзошгүй тул судлаачид үүнийг байнга хянадаг. Бүх вирус, түүний дотор COVID-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирус цаг хугацааны явцад өөрчлөгдөж байдаг. Одоогийн байдлаар дэлхий даяар энэ вирусын хэдэн зуун хувилбаруудыг олж тогтоогоод байна. ДЭМБ болон түүний түншлэгч нар 2020 оны 1-р сараас хойш тэдгээрийг анхааралтай хянаж байна

Ихэнх өөрчлөлтүүд вирусийн үндсэн шинж чанарт нөлөөлдөггүй. Гэвч тухайн өөрчлөлт вирусийн генетик материалын аль хэсэгт ялангуяа тархалт, эмгэг төрүүлэх чадварыг нөхцөлдүүлдэг хэсэгт болж байгаа эсэхийг хянах нь зайлшгүй чухал юм.

ДЭМБ ба түүний олон улсын шинжээчдийн сүлжээ вирусын өөрчлөлтүүдийг  байнга хянаж байгаа бөгөөд хэрэв томоохон мутаци илэрвэл тухайн хувилбар тархахаас урьдчилан сэргийлж, тухайн улс болон бусад улс орнуудад мэдээлдэг. ДЭМБ-ын зөвлөж буй стратеги, арга хэмжээнүүд цар тахал эхэлснээс хойш үргэлжлэн ажиллаж байна.

ДЭМБ-ын Өвчний дэгдэлтийн мэдээ (https://www.who.int/csr/don/en/)-ээс вирусийн хувилбаруудын талаарх мэдээллүүдийг хараарай.

COVID-19-ын тархалтыг хязгаарлах, таслан зогсоох хамгийн сайн арга бол хүмүүс шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх явдал юм.

SARS-CoV-2-ийн өөрчлөлтийг хянаж, ойлгохын тулд ДЭМБ юу хийж байна вэ?

ДЭМБ дэгдэлт эхэлснээс хойш COVID-19-ын үүсгэгч SARS-CoV-2 вирусыг шинжлэн, судалдаг дэлхийн лавлагаа лабораторийн сүлжээтэй хамтран ажиллаж байна.

Судалгааны бүлгүүд SARS-CoV-2-ийн дарааллыг тогтоож, GISAID зэрэг олон нийтийн мэдээллийн санд хуваалцдаг. Ингэснээр судлаачдад вирус, түүний  өөрчлөлтүүдийг мэдэх боломжийг олгодог.

ДЭМБ-ын энэхүү сүлжээнд шинэ мутациудыг хурдан илрүүлж, түүний нөлөөллийг үнэлдэг SARS-CoV-2-ын Вирусын Эволюцийн Ажлын Хэсэг багтдаг.

ДЭМБ цар тахлыг хянаж, хариу арга хэмжээ авахын тулд улс орнуудад SARS-CoV-2-ын дарааллыг тогтоох, мэдээллээ хуваалцах ажлыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Халдварласан амьтдын SARS-CoV-2 хэрхэн өөрчлөгдөх бол, ямар үр дагавартай вэ?

SARS-CoV-2 хүнээс хүнд халдаж байгаа боловч хүнээс амьтдад халдсан мэдээллүүд бүртгэгдсэн. Халдвар авсан хүмүүстэй харьцсан усны булга, нохой, гэрийн муур, арслан, бар, элбэнх зэрэг хэд хэдэн амьтнаас SARS-CoV-2 илэрчээ. Хэд хэдэн орны усны булганы фермүүдэд томоохон хэмжээний дэгдэлтүүд бүртгэгдсэн. Халдвартай булгатай харьцсан хүмүүс халдвар авсан тохиолдлууд ч тогтоогдсон. Урьдчилсан дүнгээс харахад усны булганаас хүнд халдварласан хувилбарууд нь SARS-CoV-2 вирусын бусад хувилбаруудтай ижил шинж чанартай байсан.

Амьтдаас тархсан хувилбаруудыг хүмүүсийн дунд дамжин тархаж, вакцин гэх мэт урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй эсэхийг илүү сайн судлах шаардлагатай байна.

ДЭМБ-ын Өвчний дэгдэлтийн мэдээ (https://www.who.int/csr/don/03-december-2020-mink-associated-sars-cov2-denmark/en/)-ээс Дани улсад бүртгэгдсэн амьтны дэгдэлтийн мэдээлэлтэй танилцаарай.

ДЭМБ SARS-CoV-2-ийн амьтдын халдварын нөхцөл байдал, амьтан, хүний хоорондох халдварын үнэлгээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг бусад байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

Эх сурвалж: https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/question-and-answers-hub/q-a-detail/sars-cov-2-evolution

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter