Харилцан ярилцлага № 76: Сармагчны цэцэг өвчин, Эрсдэлт бүлэг
ДЭМБ-аас зохион байгуулж буй цар тахал болон халдварт өвчнүүдийн дэгдэлтийн талаарх харилцан ярилцлагын 76 дах дугаар буюу “Сармагчны цэцэг өвчин” бүлгийн 5 дах сэдэв “Хэн эрсдэлд өртөх вэ?” ярилцлагыг хүргэж байна.
Vismita Gupta-Smith:
Ямар бүлгийн хүмүүст сармагчны цэцэг өвчин халдварлах эрсдэр өндөр байна вэ?
Эрсдэлт бүлгийн хүмүүсийг хэрхэн үл гадуурхаж, дэмжих вэ?
Сайн байцгаана уу? Тавтай морилно уу. Би Vismita Gupta-Smith байна.
Бид өнөөдөр Andy Seale-тэй ярилцана. Andy Seale тавтай морил. Шинэ дэгдэлтийн талаарх ярилцлагаа эхэлье. Ямар бүлгийн хүмүүс энэ өвчнөөр халдварлах эрсдэл өндөр байна вэ?
Andy Seale:
Энэ өвчин 70 орчим улсад бүртгэгдсэн бөгөөд эхний үед Баруун Африкийн улс орнуудад ихэвчлэн бүртгэгдсэн. Бид янз бүрийн гарал үүсэл, насны хүмүүсийн бүлгүүдийг судалж байна. Шинээр бүртгэгдэж байгаа улсуудад голчлон эрэгтэйчүүд бүртгэгдэж байна. Тохиолдлуудыг нягталж үзвэл ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд болох нь тогтоогдож байна. Үүнд ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог аль ч чиг хандлагын эрэгтэйчүүд орох бөгөөд тэдгээрийг эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан илрүүлэх нь чухал болоод байна. Хэдийгээр эмэгтэйчүүд, хүүхдүүд бүртгэгдсэн тохиолдлууд байгаа ч маш цөөн байна.
Бидэнд цугласан өгөгдлүүдэд тулгуурлан хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа дээрх бүлэг рүү анхаарлаа чиглүүлж ажиллах болно. Гэхдээ вирустэй хавьтал болсон хүн бүр халдварлаж болно гэдгийг санах хэрэгтэй. Бид дээрх бүлгийн хүмүүс рүү анхаарлаа төвлөрүүлэхээс гадна дэгдэлт бусад бүлгийн хүмүүс рүү шилжих эрсдэлийг ч анхаарах болно.
Vismita Gupta-Smith:
Andy яагаад энэ бүлгийн хүмүүс өвдөөд байна вэ?
Andy Seale:
Үнсэх, арьсаар хүрэлцэх, ор дэрний хэрэглэл мэтийн халдвартай эд юмстай хүрэлцсэнээр сармагчны цэцэг өвчний халдвар авч болно. Бидэнд байгаа баттай баримтаар ижил хүйстэн эрэгтэйчүүдийн дунд вирусийн халдварын дэгдэлт өндөр байна. Бэлгийн ийм чиг хандлагатай зарим хүмүүс хот, улс орнуудыг дамнасан харилцааны сүлжээ бий болгосон байдаг. Мөн удаан хугацааны хорио цээрийн дараах олон улсын аялалууд дэгдэлтийг нэмэгдүүлэхэд чухан нэрмээс болсон байх.
Ижил хүйстэн олон эрчүүд эрүүл мэнддээ их анхаардаг. ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын эсрэг эмийг тэдний ихэнх нь хэрэглэдэг гэх мэтээр бэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг идэвхитэй эрэлхийлдэг ижил хүйстэн эрчүүд байдаг нь энэ эрсдэлт бүлгийн дундах халдварын тархалтыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Vismita Gupta-Smith:
Andy энэ бүлгийн хүмүүсийг гутаан доромжлох, түүнээс үүдэлтэй хохирлуудын талаар болон хэрхэн тэднийг дэмжиж ажиллах талаараа бидэнд ярьж өгнө үү?
Andy Seale:
Тэгхээр, аливаа гутаан доромжлол нь хүмүүсийн харилцааг зогсооход хүргэдэг. Энэ нь хэнд ч тус болохгүй. Тиймээс бид гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын эсрэг хатуу зогсож, таслан зогсоох хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэх хамгийн сайн арга бол энэ бүлгийн хүмүүстэй нягт хамтран ажиллах явдал юм.
Ижил хүйстэн эрэгтэйчүүд энэ дэгдэлтийн үед халдварын эсрэг тэмцэхэд маш их манлайлал үзүүлж байна. Тэд шинжилгээ болон вакцинд хамрагдах, урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлуудад идэвхитэй оролцож байна. Энэ нь үүнтэй төстэй халдварын дэгдэлтийн үед жишиг болохоор ажил болж байгаагаараа ач холбогдолтой юм. Мөн энэ бүлгийн хүмүүстэй ирээдүйд хамтран ажиллах, тэдгээрт тулгарч буй энэ мэтийн асуудлуудыг өөрсөд (ДЭМБ болон Засгийн газрууд)-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх, гутаан доромжлолтой тэмцэх болон вакцины хүртээмж, шинжилгээнд хамрагдах зэрэг олон асуудлуудын хувьд тэдний талд зогсох хэрэгтэй байна.
Сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн хүмүүст сэтгэлээр унах шинж тэмдэг илэрдэг тул тэдэнд дэмжлэг их хэрэгтэй. Тиймээс хэн нэгнийг өвдсөн гэж буруутгаж болохгүй. Тэд янз бүрийн замаар халдвар авсан байж болно.
Өвдсөн хүмүүст дэмжлэг үзүүлэх шаардлага их байна. Халдвар авсан ихэнх хүмүүст өвчлөл богино хугацаатай бөгөөд эмгэг зовиур бага байгаасай гэж найдаж байна. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд эсрэгээрээ хүнд өвдөж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болно.
Бид зөвхөн гутаан доромжлолтой тэмцээд зогсохгүй, тэдэнд практик тусламжуудыг үзүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь: тэднийг тусгаарлагдсан үед шаардлагатай зүйлсийг нь дэлгүүрээс худалдан авч өгөх, өвчинтэй хэрхэн тэмцэх талаар өөрсдийн туршлагаа хуваалцах гэх мэт.
Сармагчны цэцэг өвчний талаар маш олон ташаа мэдээлэл байдаг бөгөөд үүний ихэнх нь ижил хүйстэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй. Үүнийг бид таслан зогсоох хэрэгтэй. Гамшигт өртсөн олон нийттэй илүү нягт хамтран ажиллах ёстой. Тэдний манлайлал, шинжилгээнд хамрагдах, вакцин болон бусад үйлчилгээнд хамрагдах, сурталчилгааны ажлын оролцоонд нь урам зориг өгөх хэрэгтэй байна.
Нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд ижил хүйстэн эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах харилцааг бэхжүүлэх, сайжруулах шаардлагатай. Гутаан доромжлолтой тэмцэх ажлыг хамтдаа гар нийлж хийх хэрэгтэй. Олон нийтийн оролцоог чухалчлан, хамтран ажиллах шаардлага өндөр байна.
Vismita Gupta-Smith:
Баярлалаа Andy.