Цаг үеийн
Аймаг, нийслэлийн эмч, мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгууллаа
140

Хачгаар дамжих халдварт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Сум дундын эмнэлгүүдийн 200 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачгаар дамжих зарим халдваруудын байгалийн голомтын төлөв байдал, хүний өвчлөлийн тархвар судлал, эмнэл зүйн ялган оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалт зэрэг сэдвээр эмч мэргэжилтнүүдэд зөвлөгөө, заавар өглөө.

Монгол орны 16 аймаг 59 сум, Улаанбаатар хотын 8 дүүрэгт хачигт халдварын голомттой. 2023 оны ЗӨСҮТ-өөс хийгдсэн тандалт судалгаагаар Дорнод аймгийн 5 суманд хачигт халдварын голомт шинээр тогтоогдсон. 

Хачгаар дамжих халдвар нь улиралчлалын хувьд IV-VIII сар хүртэл хамгийн идэвхтэй,  IX-X сар хүртэл цөөн тоогоор тасралтгүй бүртгэгдсээр байдаг. Манай улсын хувьд жил бүр батлагдаж буй нийт хүний өвчлөлийн 80 гаруй хувийг хачигт халдвар эзэлдэг. 2023 оны байдлаар зоонозын хүний өвчлөлийн нийт 200 гаруй  тохиолдлын  84%-ийг хачгаар дамжих халдварт өвчин эзэлж байсан бөгөөд үүнээс 34 тохиолдол хачигт энцефалитаар батлагдаж 3 тохиолдол нас барсан харамсалтай мэдээ байна.

 

Нийтэлсэн огноо: 2024.04.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter