Таны мэдлэгт
Хумхаа өвчин
281

Хумхаа өвчин нь Anopheles төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа талаар мэдээлсэн. Дэлхий дахинаа 2022 онд хумхаагаар 249 сая хүн өвчилж, 608 000 нас барсан.

Өнөөгийн байдлаар хумхаа өвчин Африкийн бүс нутгийн хүн амын дунд хумхаа өвчин харьцангуй өндөр бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 94.9 хувь, нас баралтын 96 хувийг эзэлж байна. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, нярай болон 5-аас доош насны хүүхдүүд, дүрвэгсэд, цагаачид, уугуул иргэд, хөдөө, алсдагдсан нутгийн, боловсрол багатай хүмүүс буюу хамгийн эмзэг нөхцөлд амьдарч буй хүмүүс харьцангуй их өртсөн хэвээр байна. Өөрөөр хэлбэл шударга бус байдлын золиос болж байна гэж Эрүүл мэндийн байгууллагаас цохон тэмдэглэсэн байна.

Хумхаа өвчинтэй тэмцэх өдрийг 2007 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдөр болгон Дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Эрх тэгш, шударга нийгмийг бүтээхийн төлөө хумхаа өвчний эсрэг тэмцлийг эрчимжүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.

Манай оронд өнөөдрийн байдлаар хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.

Манай оронд 2009-2023 он хүртэлх хугацаанд хумхаагийн хүний өвчний 41 тохиолдол, нас баралт 3 бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд нь бүгд хумхаа өвчний голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос улсад сурч, ажиллаж, амьдарч байсан, аялал зугаалгаар зорчсон, Африкын бүс нутгийн Конго, Мали, Нигери, Сьерра-Леоне, Кот-Дивуар, Гана, Өмнөд Судан зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд болон ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагаанд оролцох үедээ шумуулд хазуулсан өгүүлэмжтэй Монгол улсын иргэд байна. Хумхаагийн хүний өвчлөл 2023 онд огцом өссөн буюу сүүлийн 5 жилийн дундажаас 4.1 дахин өссөн.

Мөн хумхаа өвчний голомтот бүс нутгаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдлууд тасралтгүй нэмэгдэн бүртгэгдсээр байна. Иймд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа, халдварын эрсдэлт бүлгийн хүн амд зөвлөгөө, зөвлөмж түгээн хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хумхаа өвчний голомтот нутагт зорчигчдод өгөх зөвлөмж:

  1. Хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах
  2. Шумуулд хазуулахаас урьдчилан сэргийлж:

          – Шөнийн цагаар гадагш гарахдаа биеийн ил хэсгийг халхалсан хувцас өмсөх;

         – Шумуул дайжуулагч бодис хэрэглэх /Офф-ыг хэрэглэх/;

        – Хаалга, цонхондоо шумуул орохоос сэргийлж торон хаалт хийх, орныхоо дээгүүр шумуулаас хамгаалах тор татах

        – Гэр ахуй орчиндоо шумуул өсөж үржихээс сэргийлж, усыг таглаатай байлгах, чийгтэй орчин бий болохоос сэргийлэх

  1. Хумхаагийн шимэгч дарангуйлах эм болох хлорквинфосфат, миклоквин гэх мэт эмүүдийг хумхаа өвчний голомтот бүс нутагт аялж, амьдарч, зорчиж байхдаа тогтмол хэрэглэх, голомтот бүс нутгаас явснаас хойш 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдаг.
  2. Хумхаа өвчний голомтот бүс нутагт зорчсоны дараа толгой өвдөх, булчин үе мөчөөр өвдөх, дотор муухай оргих, бөөлжихөөс гадна жихүүдэс хүрч дагжин чичрэх, халуурах, хөлс ихээр гарах шинж тэмдэг дараалан илэрч, энэ нь 24, 48, 72 цагийн давтамжтай явагдвал харьяа эрүүл мэндийн байгуулагад яаралтай хандан оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Нийтэлсэн огноо: 2024.04.24

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter