Цаг үеийн
Эмгэнэл
233

П.Бямбаа

/1940-2024/

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга асан П.Бямбаа нь хүнд өвчний улмаас таалал төгсөж, тэнгэрийн орноо заларлаа.

П.Бямбаа нь 1940 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрж, өссөн. Тэрээр 1959 онд Баянхонгор аймгийн Нэгдүгээр бүрэн дунд сургууль, 1964 онд МУИС-ийн Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хүний их эмч мэргэжлийн эзэмшсэнээс хойш тэрбээр халдвартын эмчийн 6 сарын курс, 1976-1978 онд тухайн үеийн ЗХУ-д эмч нарын мэргэжил дээшлүүлэх институт, ДЭМБ-ийн тусгай дамжаанд сурч, Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн удирдлагын менежментийн чиглэлээр мэргэшиж, магистрын зэрэг хамгаалсан. Нийгэм, улс төрийн дээд мэргэжил эзэмшсэн нэр хүндтэй, мэдлэг чадвар сайтай эмч, улс төрч байлаа. Мөн Анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж 30 гаруй бүтээл туурвиж, илтгэл, өгүүлэл 20 гаруйг бичиж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байна.

П.Бямбаа нь 

  • 1964-1967 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын эмнэлэгт салбарын эрхлэгч, их эмч.
  • 1967-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, их эмч.
  • 1969-1970 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч.
  • 1970-1978 онд Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газар (одоогийн Эрүүл мэндийн газар)-ын дарга.
  • 1978-1991 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах газар (одоогийн Нийслэлийн эрүүл мэндийн газар)-ын дарга. 
  • 1991-1998 онд БГХӨЭСТ-ийн дарга (Одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв)
  • 1998-2000 онд  БГХӨЭСТ-ийн зөвлөх (Одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төв) зэрэг ажлуудыг нэр төртэйгөөр гүйцэтгэж байжээ.

П.Бямбаа агсны эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил тасралтгүй ажилласан хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, Засгийн газрын жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ.

П.Бямбаагийн Монгол улсын Эрүүл мэндийн болон Зоонозын өвчин судлалын салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, эрдэм номын гэгээн үйлс нь бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд тод үлдэж, эхлүүлсэн нөр их хөдөлмөрийн үр шимийг түүчээлэн үргэлжлүүлсээр байгаа билээ.

Үр хүүхэд, ач зээ, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Эх нутаг, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөх болтугай.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, ахмадын зөвлөл

2024 оны 06 дугаар сарын 14

Улаанбаатар хот

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter