ЗӨСТ
Тосонцэнгэл суманд ажиллав
1298

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тус аймгийн Тосонцэнгэл суманд хачгаар дамжих халдварын хүний өвчлөл, сэжигтэй тохиолдол жил бүр өсөж буйтай холбогдуулан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 05-р сарын 17-оос 2 хоногийн хугацаатай ажиллаж, хариу арга хэмжээ авч ажиллалаа.

Завхан аймгийн ЗӨСТ-өөс 2015 онд хийгдсэн хачгаар дамжих халдварын байгалийн голомтыг илрүүлэх тандал судалгаа шинжилгээгээр Тосонцэнгэл сум нь хачгаар дамжих халдварын байгалийн голомттой, мал болон хүн амын дунд тархалттай нь тогтоогдсон. Мөн 2016  онд хачгаар дамжих халдварын хүний өвчлөлийн сэжигтэй 55 тохиолдлын 35 тохиолдол, 2017 онд 104 тохиолдлын 64 тохиолдол нь Тосонцэнгэл сумаас бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад Тосонцэнгэл сумын хүний өвчлөлийн тохиолдол 2 дахин өсөх хандлагатай байна.

Ажлын хэсэг Тосонцэнгэл суманд ажиллах хугацаандаа сумын нэгдсэн эмнэлэгт хачигт хазуулсан эмнэлзүйн шинж илэрсэн хэвтэн эмчлүүлж байгаа 19 өвчтөний биеийн байдлыг үзэж, эмч, сувилагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх, сумын нэгдсэн эмнэлгийн 26 эмч, эмнэлгийн ажилчдад ЭМС-ын А/160 дугаар тушаалаар сургалтыг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах талаар заавар, зөвлөмж өгөх ажлуудыг гүйцэтгэлээ.

Мөн хачгаар дамжих халдварын хүний өвчлөл нь байгалийн голомтын идэвхижилтэй холбоотой тул байгалийн голомтыг хянах, шинэ голомт илрүүлэх, хачгийн төрөл зүйл, тоошил, тархалтыг судлаж, тогтоох, хүн амаас асуумж судалгаа авах, хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх санамж хуудас тараах ажлууд хийгдэв.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн 3 цэгт газраас 41 хачиг цуглуулсан. Хачгийн төрөл, зүйл, хүйс, хөгжлийн үе шатыг тодорхойлоход D.Nutalii зүйлийн бие гүйцсэн хачиг 30 эр, 11 эм /2.7:1/ хүйсийн харьцаатай, цус сорсон эм хачиг хувалз болсон байсан. Эзэн амьтан дээрх хачгийн дундаж нягтшил 4.3 тохиолдоц 83%, байв. Салхины хурд 5.9м/с байсан тул газрын гадаргуу дээрх хачгийн тоошлыг судлах боломжгүй байлаа. Нийт цуглуулсан хачгийг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторит шинжлүүлэхээр хүргүүлэв.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter