Зоонозын өвчнүүд
Хачигт боррелиоз өвчин
91239

Боррелийн төрлийн спирохетоор үүсгэгдэж, иксод төрлийн хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, ихэвчлэн төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин.

Үүсгэгч

Хачигт боррелиозын үүсгэгч нь Spirochaetacea овгийн Вorrelia-ийн төрөлд багтдаг. Мушгиа хэлбэртэй бусад зүйлээс анилины будгаар сайн будагддаг шинжээрээ ялгагддаг. Грам сөрөг урт нь 8-30 мкм, өргөн нь 0,2-0,5 мкм,  баруун, зүүн тийшээ эргэлттэй мушгиа хэлбэртэй, давших, ухрах, эргэх хөдөлгөөн хийдэг эгэл биетэн юм.

Үүсгэгчийн тэсвэрлэх чанар

Тэжээлт орчинд өсгөвөрлөсөн боррели нь -70-аас -90 хэмд биологийн идэвхээ хэдэн жилийн турш хадгалдаг байна. Формалин, фенол, этилийн спирт болон бусад халдваргүйтгэлийн бодис, хэт ягаан туяны үйлчлэлд мэдрэг.

Тархалт

Хойт америкийн АНУ, Канад, өмнөд америкийн Бразил, европын Исланд, Англи, Испани, Франц, Люксембург, Македон, Румын,  Чех, Словак, Латви, ОХУ, Итали, Азийн Узбекстан, Хятад, Япон, өмнөд Солонгос, Бутан, Энэтхэг, Индонез, Вьетнам, Ирак, Африкийн Арабын Емират, Кувейт, Египет, Судан, Нигери, Гана, өмнөд Африкийн орнуудад өвчлөл их байна. Дэлхийн 120 орон, таван тивийн ойн бүс нутгийн хүн амд бүртгэгдсэн (WHO 2006) бөгөөд ОХУ-д сүүлийн 30 гаруй жилд тасралтгүй өссөөр байна. Монгол улсад хачигт боррелиоз 2003 онд анх бүртгэгдсэн. Боррелийн үндсэн дамжуулагч нь ойн хачиг (I.persulcatus) байсан бөгөөд энэ хачгийн 1 дарцаг/км-т ногдох тоошил 6 жилийн дундажаар 1,6 байна. Мөн бэлчээрийн болон ойт хээрийн хачгууд (D.nuttalii, D.silvarum) боррелиор халдварлагдсаныг тодорхойлсон. Монголын хачгаас ялгасан боррелийн омгуудын удмын хэвшинжийг тодорхойлоход B.garinii, B.afzelii омгууд байсан. Монгол улс дахь ойн хачгийн боррелийн халдварлалт нь Сэлэнгэ аймагт-19.5%, Орхон аймагт-14.5%, Булган аймагт-10.5%, Хэнтий аймагт-10.1%, Төв аймагт-7% бөгөөд дундажаар 12.4% байна. Хачигт боррелиозын үүсгэгчийг дамжуулагч ойн хачгийн (I.persulcatus) тоошил, халдварлалт, тухайн нутгаас оношлогдсон хачигт боррелиоз өвчний тохиолдлыг үндэслэн Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон зэрэг 7 аймгийн 27 суманд 64 байгалийн голомтыг тодорхойлсон.

2005-2013 он хүртэлх хугацаанд хачигт боррелиозын хүний өвчлөл 10 (Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод) аймгийн 21 сум, Нийслэлийн 6 дүүрэгт 57 хүний өвчлөл бүртгэгджээ.

Резервуар

Ixodes, Dermacentor, Amblyomma, Boophylus, Haemaphsalis төрлийн хачиг хачигт боррелиозын үүсгэгчийг зөөвөрлөдөг. Халдвар дамжуулагч хачгийн бие гүйцсэн нь буга, бор гөрөөс, хандгай, хонь, ямаанд, авгалдай, нимф нь мэрэгчид, зараа, шувуу, хэрэм, жирх, туулайд шимэгчилнэ.

Халдвар дамжих зам

  • Дам халдварын зам буюу хүн хачигт хазуулсанаар халдвар авч өвчилнө.
  • Хачгийг гараар няцалж алах үед гэмтсэн арьсаар болон өвчтэй эхээс урагт халдвар дамжсан цөөн тохиолдол байдаг.

Нууц үе

3-32 хоног, дунджаар 7-10 хоног байна.

Халдвартай байх үе

Халдвар хүнээс хүнд дамжсан баримт нотолгоо одоогоор алга байна. Төрөлхийн халдварын маш ховор тохиолдол бүртгэгдсэн байдаг.

Мэдрэг хүн ам

Бүх насныхан өвчилнө. Малчид, ойжуулагч, самар, жимс, эмийн ургамал түүгчид, мод бэлтгэгчид, геологи, хайгуул, уул уурхай, зам засварын ажилчид, зусланд амьдардаг хүмүүс, аялагчид халдварын өндөр эрсдэлтэй бүлэгт багтана. Өвчлөл бүртгэгдэх үе нь дамжуулагчийн идэвхитэй үетэй давхцаж ихэвчлэн 4-10 сард тохиолддог.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Өвчтэй ба өвчний сэжигтэй хүнээс цус, нугасны ус зэрэг сорьц авна. Өвчтөнөс цус авахдаа хураагуур судаснаас 4-6 мл цус авна. Нугасны усыг бүсэлхийн хэсэгт хатгалт хийж авах ба нарийн мэргэжлийн эмч авна. Дээрх сорьцыг ийлдэс судлалын аргаар шинжилж хачигт боррелиозын эсрэг бие, молекул биологийн аргаар шинжилж үүсгэгчийн ДНХ-г тодорхойлно.

Халдварын хяналт

Сэргийлэх арга хэмжээ:

а). Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Өвөрмөц урьдчилан сэргийлэлт буюу вакцин хараахан гараагүй байгаа.

б). Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:

  • Антиобиотик сэргийлэлт буюу хачигт хазуулсан тохиолдолд өвчлөхөөс сэргийлж, 5 хоног доксициклин, амоксацилиноор урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж болно.
  • Хүн ам, байгалийн голомтонд тандалт судалгаа хийж, хачгийн тархалт, зүйл, тоошлыг тогтоож, хүн амын мэдлэгийн түвшинг үнэлэн, урьдчилан сэргийлэх ажлын чиглэл гаргаж, хэрэгжүүлэх
  • Мөн хачгийн тоошлыг бууруулах
  • Эмч, эмнэлгийн ажилтан нарт уг өвчний талаар сургалт явуулах
  • Хүн амд хачигт халдвараас сэргийлэх дараах сурталчилгааг хийх. Үүнд:
  • Малын үс ноос авах, ноолуур самнах, ойд аялж, зугаалах, самар жимс, эмийн ургамал түүх, мод түлээ бэлтгэх гэх мэт халдварт өртөх эрсдэл өндөртэй нөхцөл байдлын үед хачигт хазуулахаас сэргийлж, тод өнгөтэй хачиг орохооргүй битүү хувцас хэрэглэх
  • Арьсандаа хачиг дайжуулагч түрхэх
  • Хачигтай бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлууах
  • Хачиг зайлуулахдаа хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой салгаж авах, гартаа бээлий өмсөх буюу алчуур хэрэглэх гэх мэт

Халдвар хамгааллын арга хэмжээ:

  1. Мэдээлэх:
  2. Тусгаарлах: Шаардлагагүй
  3. Хөл хорио: Тогтоохгүй
  4. Хавьтлыг дархлаажуулах: Шаардлагагүй
  5. Халдварын эх уурхайг тандах: Тандалт хийж халдварын эх уурхайг олж тогтооно
  6. Гамшгийн үеийн арга хэмжээ: Шаардлагагүй
  7. Улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ: Шаардлагагүй
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter