Зоонозын өвчнүүд
Бруцеллёз
24240

Бруцеллёз өвчний ерөнхий мэдээлэл

Бруцеллёз нь бруцеллын төрлийн нянгаар үүсч тулгуур хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэнийг давамгайлан гэмтээж, хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулах, ,тахир дутуу болгох хандлагатай ихэвчлэн халууралт, хордлогын шинжээр илэрдэг өвчтэй мал, амьтнаас дамжин халддаг халдварт өвчин. Дэлхийн 100 гаруй оронд хүний бруцеллёзын өвчлөл бүртгэгдэж, жилд 500,000 гаруй хүн шинээр өвчилдөг. Манай улсад жилд дундажаар 400-500 хүн буюу 10000 хүн ам тутумд 1-2 хүн шинээр өвчилж байна. Дорнод, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл өндөр бүртгэгддэг.

Бруцеллёз өвчин хүнд хэрхэн халдварладаг вэ?

Өвчтэй малыг нядлах, мах эвдэх, гэдэс дотор эрхтэн цэвэрлэх, арьс шир боловсруулах, ноос ноолуур бэлтгэх, төл хүлээн авах, мал саах үед гарын жижиг шарх, шалбархайгаар буюу хавьтал ахуйн замаар халдварлана

Бруцеллёз өвчтэй мал амьтны түүхий ба дутуу боловсруулсан мах ,махан бүтээгдэхүүн, түүхий сүү, бяслаг, цөцгий, амьтны халуун цус зэргээр хоол боловсруулах замаар халдварлана.

Малын ноос ноолуур, хөөвөр, хялгас бэлтгэх, цуглуулах, боловсруулах, малын өтөг бууц арилгах, цэвэрлэх үед тоос шороогоор дамжин амьсгалын замаар халдварлана.

Бруцеллёз өвчинд ямар хүмүүс илүү өртөмхий байдаг вэ?

Гол төлөв малчид, саальчид, малын эмч, мэргэжилтнүүд тэдний үр хүүхэд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулдаг үйлдвэрийн ажилчид, түүхий сүү, мах махан бүтээгдэхүүн, цус хэрэглэдэг хүмүүс, малын түүхий эдийн ченжүүд зонхилон өвчилдөг.

Бруцеллёз өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Оройд халуурах, бие сулрах, шөнө орондоо хөлрөх, үе мөч, яс булчин, ууц нуруугаар өвдөх, толгой өвдөх, нойргүйдэх шинжээр эхэлдэг. Өвчнийг хурц үед нь эмчлүүлээгүйгээс ужиг архаг хэлбэрт шилждэг. Архаг хэлбэрийн үед тулгуур эрхтнүүдэд өөрчлөлт гарч гар хөлийн том үений уут, яс мөгөөрс үрэвсэж зарим тохиолдолд хэлбэр дүрсээ алддаг. Мэдрэлийн тогтолцооны гэмтэл нь: мэдрэлийн судал дагаж өвдөх, үрэвсэх,сэтгэх чадвар муудах зэргээр илэрнэ. Дотор эрхтэний гэмтэл нь зүрх, элэг, дэлүү үрэвсэж үйл ажиллагаа нь өөрчлөгдөх, шээс бэлгийн замын хэлбэр нь бөөр давсагны үйл ажиллагаа алдагдах, үр зулбах, дутуу төрөх, бэлгийн сулрал болох, үргүйдэлд хүргэх уршигтай.

Хүний бруцелёз өвчнийг хэрхэн оношлох вэ?

Эмнэлзүйн хувьд янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг учир лабораторийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Иймээс өөрийгөө бруцеллёзоор өвчилсөн байж магадгүй гэж сэжиглэвэл харьяа эмчдээ хандан бруцеллёзын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Халдварын сэжигтэй өвчтөнөөс 3 шатлалт сорьц авна. Өвчтөн халуунтай байх үед 6-7мл цус авч, 2-3 цагийн дараа 6-7 мл цус, дахин 2-3 цагийн дараа 6-7 мл цусыг EDTA-тай вакум теннерт авч нян харах, нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээгээр тус тус шинжилж бруцеллёзын нян болон үүсгэгчийн ДНХ дарааллын тодорхойлно.

Бруцеллёз өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Малтай айл өрх, мал аж ахуйн нэгж байгууллагууд мал сүргээ жил бүр бруцеллёз өвчнөөс сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж вакцин хийлгэн бруцеллёз өвчтэй малыг тусгаарлах
  • Төл хүлээх авах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, нядлах, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас /амны хаалт, хормогч, резинэн бээлий/ өмсөх, малын эхэс, зулбадсыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савандаж бүлээн усаар сайтар угаах
  • Мал амьтны түүхий сүү, цөцгий , мах махан бүтээгдэхүүн, элэг,цус, цусан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
  • Түүхий мах хэрчсэн хутгыг угааж цэвэрлэлгүйгээр талх, хиам, бяслаг, алим зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрчихгүй байх
  • Бууз , хушуур, баншны махын түүхийгээр нь амтлахгүй байх
  • Мал амьтны гаралтай түүхий хүнсний бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа заавал угааж байх.
  • Малын өтөг бууцыг дулааны улиралд овоолон хатаах, сийрэгжүүлэх ба 20%-ийн хлорын шохойн уусмалаар ариутгах
  • Халуурах, хөлрөх, толгой ,үе мөч, ууц нуруугаар өвдөх, хоол унданд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл дариу эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэн эмчлүүлэх хэрэгтэй.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter