Зоонозын өвчнүүд
Бабезиоз
2653

Бабезиоз өвчний ерөнхий мэдээлэл

Бабезиоз нь шимэгчээр үүсгэгдэж, цус сорогч хачгаар зөөвөрлөгддөг зоонозын хурц халдварт өвчин юм. Бабезиозын хүний өвчний анхны тохиолдлыг 1950 иад оны үед Европт оношилж эхэлсэн. Нэлээд хожим 1960-аад оны сүүлээр B.Microti үүсгэгчтэй өвчлөлийг АНУ-д илрүүлсэн байна. Одоогоор Америк, Ази, Африк тивийн бусад улсуудад энэ халдвар бүртгэгдсэн ба Бразил, Мексик, Хятад, Тайвань, Япон, Египт, зэрэг орнуудад уг өвчний тохиолдлууд бүртгэгддэг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Бабаезиоз өвчний халдварууд нь эрчимтэй судлагдаж байна. Манай оронд Бабезиозын халдварлалтын түвшин Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад 17.9%-21.4% буюу хамгийн их байгаа нь уг өвчнийг зөөвөрлөн дамжуулагч  Dermacentor nuttalli зүйлийн хачиг тархах тохиромжтой нутгуудад байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Сэжигтэй өвчтөнөөс цус авч, бичил харах цусны улаан эсэд үүсгэгч харагдах, хос ийлдсэнд эсрэгбиеийн таньц 4 дахин өсөх, ПГУ-аар B.microti зүйлийн ДНХ тодорхойлогдох зэргээр лабораторид оношилно.

Бабезиозын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Халуурах
  • Бие жихүүцэх
  • Булчин өвдөх, сульдах, ядрах
  • Цус багадалттай хавсарсан шар өвчний шинжүүд илэрдэг
  • Хэд хоногоос хэдэн сараар илэрнэ

Бабезиоз өвчин ямар замаар хүнд халддаг вэ?

Хачиг цусыг нь сорох үед сээр нуруутан эздийн улаан эстэй хамт хачгийн гэдсэнд орсон бабезиозын үүсгэгч улаан эсээс гарч олон дахин хуваагдаж, шимэгчилж буй амьтны биед үржинэ. Халдвар авсан мэрэгч амьтдыг шимэгчилж байсан хачиг хүнд шимэгчилснээр хүнд халдвар дамжуулдаг байна. Халдвар дамжуулж буй хачиг нь бусад мэрэгч болон сүүн тэжээлтэн амьтанд халварыг дамжуулж болох тул тухайн амьтнаас мөн халдаж болно. Мөн уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон багажааар мэс ажилбар хийлгэх, халдвартай хүнээс цусны донор болох зэрэгт халдвар авч болно. Ховор тохиолдолд эхээс урагт дамжина.  Мэрэгч, сүүн тэжээлтэн амьтдын дунд хачгаар дамжин халдварладаг. Хүнээс хүнд шууд халдвар дамжихгүй. Зөвхөн цусны донороор дамжина.

Бабезиоз өвчинд ямар хүмүүс өртөмхий байдаг вэ?

Бүх хүн ам мэдрэг. Хүн бүрийн дархлалын хариу үйлдэлд өвөрмөц бөгөөд дэлүүний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ахимаг насны хүмүүст эмгэг илрэх магадлал өндөр. Бабезиоз нь хүмүүсийн дунд бидний бодож байснаас илүү их тархсан өвчин бөгөөд нэг эмнэлзүйн илэрхий өвчлөл байхад хэдэн зуун шинж тэмдэггүй өвчлөгсөд, шимэгчийг тээвэрлэгчид оршдог ба нэг хүнд хэд хэдэн зүйлийн бабез зэрэг шимэгчлэх боломжтой байдаг.

Бабезиоз өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Хүмүүст хэрхэн халдвар дамждаг тухай мэдээлэл өгч, хувийн ариун цэвэр сахих талаар мэдлэг олгох
  • Хүн амьдардаг орчинд мэрэгч байгаа эсэхийг анхааралдаа авч, хачгийн устгал хийх
  • Хачигт хазуулахгүй байх талаар хувь хүн өөртөө болон бусдад анхаарал тавих
  • Хачиг дайжуулагч бодисыг сонгон хэрэглэх
  • Уг өвчинтэй холбоотой шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter