Хүн амын нилээд хувь нь мал аж ахуй эрхэлдэг манай оронд бэтэг өвчин түгээмэл байгаа ба шимэгчээр үүсдэг өвчнүүдийн дотроос бэтэг өвчин нь удаан явцтай эмнэлзүй шинж тэмдэг тод илрэхгүй улмаас оношлох эмчлэхэд бэрхшээлтэй өвчин юм.
Үүсгэгч
Эхинококкусын төрөлд багтдаг E.granulosus, E.multilocularis, E.oligathrus, E.vogeli E.shiquicus зэрэг 5 зүйлийн шимэгчээр бэтэгдэх өвчин үүсдэг. Эдгээрээс E.granulosus –аар үүсдэг уйланхайт бэтэг өвчин нь дэлхийд өргөн тархсан ба E.multilocularis –аар цулцант бэтэг өвчин нь дэлхийн хойд бөмбөрцөгийн хойд өргөргийн 38 градусаас дээш оршдог улсуудад тохиолддог. Харин E.oligathrus, E.vogeli E.shiquicus–аар үүсдэг бэтэг өвчин маш ховор тохиолддог.
Эмгэг жам
Нохой, чоно, муур гэх мэт махан тэжээлт амьтадын нарын гэдсэнд шимэгчлэн амьдрах туузан хорхойн өндөг хүний биед хоол боловсруулах замаар орж гэдэсний ханаар дамжин элэг, уушиг зэрэг дотор эрхтэнд хүрч аажмаар өсөж хөгжин гадуураа олон давхар ууттай дотроо олон мянган туузан хорхойн толгой агуулсан уйланхай болж 5-10 жилийн дараа хүүхдийн толгойн чинээ хүртэл хэмжээтэй гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй бэтэг болно. Бэтэгний туузан хорхой нь туузан халбэртэй, нуруу хэвлий талаасаа хавчигдсан, 3-5 мм, 3-4 үетэй. Биень толгой, хүзүү, их бие гэсэн 3 хэсгээс тогтоно. Эхний үе нь толгой 4 соруул 2 гох дэгээтэй. Хоёр дахь үеийг хүзүү, 3-4 дэхь үе нь их бие юм. Их биеийн сүүлчийн үеийг бие гүйцсэн гэх бөгөөд 5000 орчим өндөг агуулна.
Ангилал
- Үр уйланхайгүй бэтэг
- Залуу үр уйланхайт бэтэг
- Хагас үхсэн бэтэг
- Үхсэн бэтэг
- Хагас, бүтэн шохойжсон бэтэг
- Олон бэтэг
- Идээлсэн бэтэг
- Хагарч цоорсон бэтэг
Эмнэлзүй
Хүндрээгүй бэтэг: Хөлрөмтгий, ядрамтгай, баруун сүвэрдэс аюулхай дор хөндүүлрэх, хар дарж зүүдлэх, хэвлий томрох, товгор зүйл өөрт мэдрэгдэх.
Идээлсэн бэтэг: Өвдөлт зовиур нэмэгдэнэ, хөлрөнө, хэл хуурай, өнгөртэй, тахикарди, элэгний ирмэг эсвэл бэтэг эмзэглэлтэй тэмтрэгднэ.
Цоорсон бэтэг:
- Хэвлийн хөндийрүү цоорвол огиулж бөөлжинө, толгой эргэнэ, дотор муухайрна, түр ухаан балартна, биеэр ”чонон хярвас’’ туурч загатнана, хэвлийгээр өвдөж перитонитийн шинж илэрнэ. Энэ шинж тэмдэг 1-2 хоногт алга болно.
- Плеврийн хөндийрүү хагарвал дээрх анафлаксын шинж илэрнэ, цээжээр өвдөнө, амьсгал давчдана, хуурай ханиана, плевритийн шинж илэрнэ.
- Цөсний цорго руу цоорвол механик шарлалт үүсч болно.
- Гуурсан хоолой руу цоорвол ханиалгаж цэртэй хамт бэтгийн ус, үр уйланхай, хитин бүрхүүлийн тасархай гялгар цайвар зүйл гарна.
- Ходоод руу цоорвол бэтгийн эдээр бөөлжинө.
- Гэдэс рүү цоорвол бэтгээр суулгана.
Тархалт
Антрактидаас бусад бүх тивд тархсан.