Зоонозын өвчнүүд
Хумхаа (Malaria B50.0)
10645

Хумхаа нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинжээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.

Тархалт:
Дэлхийн 90 гаруй улс оронд хумхаагийн 300-500 сая тохиолдол бүртгэгсэнээс 1.5-3.0 сая хүн нас барж дэлхийн нийт хүн амын тэн хагас хувь нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байна.
Өмнөд Америк (Бразил), Зүүн өмнөд Ази (Тайланд, Индонез), Африкийн Сахарын өмнөд хэсгээр хумхаа өвчний тархалт өндөр байна.

Зураг. Хумхаа өвчний тархалт дэлхий дахинд, 2000-2015 он

Манай улсын Орхон, Туул, Онон, Балж, Улз, Хэрлэн, Халх голын сав нутагт анафелесийн төрлийн шумуулд багтах хумхаагийн халдвар тараахад гол нөлөө бүхий A.Maculipennis, A.hyrcanis зэрэг шумуул тархсаныг зарим судлаачид тэмдэглэсэн байна.
Манай оронд 2009-2016 онд хумхаагийн хүний өвчний 12 тохиолдол, нас баралт 1 бүртгэгдсэн бөгөөд бүгд хумхаагийн голомтот нутгаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Тархвар судлал:
Халдварын эх уурхай нь хүн бөгөөд дамжуулагч болох Anopheles төрлийн шумуулд хазуулсанаар халдварт өртөж өвчилнө. Цусанд хумхаагийн шимэгч байгаа тохиолдолд халдвар цусаар дамжиж болно. Эмчлэгдээгүй буюу дутуу эмчлэгдсэн өвчтөн зарим тохиолдолд хумхаагийн плазмоди тээгч болж, улмаар хумхаагийн халдварын эх уурхай болдог байна. Халдварт бүх насны хүмүүс өртөж, өвчлөх боломжтой. Сүүлийн жилүүдэд хумхаагийн үүсгэгч эмэнд тэсвэртэй байх тохиолдол ихсэж байгаатай холбоотой ДЭМБ эдгэрэлтийн дараах хяналтыг сайжруулж, жил бүр эмийн эмчилгээний бодлогыг уян хатан хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Халдвартай байх үе нь хүний биед халуун орны хумхаагийн үүсгэгч 1,5 жил хүртэл, 3 хоногийнх нь 3 жил хүртэл хадгалагдаж чаддаг учраас өвчин дахиж болдог. Өвчилсний дараа үүсдэг дархлаа тогтвортой бус.

Эмнэлзүй:
Өвчний нууц үеийн хугацаа нь үүсгэгчийн төрлөөс хамаарч 7-25 хоног байх ба 3 хоногийн хумхаагийн үед 6-14 сар үргэлжилнэ. Халдварт бүх насны хүмүүс өртөж өвчилнө. Өвчлөгсдөд чичрэх, халуурах, хөлрөх шинж тэмдэг дараалан явагдаж, нэг, хоёр эсвэл гурван өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтойгоос гадна толгой өвдөх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах, цус багадах шинж тэмдэг илэрнэ. Өвчин хүнд явцтай үед цус алдах, ухаан алдах, элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалд орж, мэдрэл хордлогын шинжүүд илэрч үхэлд хүрэх аюултай байдаг.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Сэжигтэй өвчтнөөс цус, ийлдэс зэрэг сорьц авна. Өвчтөнөс цус авахдаа хураагуур судаснаас 4-6 мл цус авна. Хумхаагийн оношийг өвчтөний цуснаас наац бэлдэн, Ромновский-Гимзийн аргаар будаж, үүсгэгчийг илрүүлнэ. Цусны улаан эсийн тоо цөөрч, хамхаагийн шимэгч илэрнэ.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Хүн амд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх;
  • Тандалт судалгаа хийж, халдвар дамжуулагч шумуулын тархалтыг тогтоож, шумуулын зүйлийн бүрдэлийг тодорхойлон халдвар тархах эрсдэлийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шумуулын өсөлт үржилтийг таслан зогсоох, хүн амын хумхаа өвчний талаарх мэдлэгийг үнэлэн, халдварт өртөх эрсдэлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлын чиглэл гарган хэрэгжүүлэх;
  • Шумуулд хазуулахаас сэргийлж:
    • Шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай өмд, цамц өмсөх;
    • Шумуул дайжуулагч бодис Рейд (аэрозоль, хүж, наадлуулагч), Дихлопос, Офф (тосон түрхлэг, спирэй) зэргийг хэрэглэх;
    • Гэр орондоо шумуул орохоос сэргийлэн хаалга, цонхондоо тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, тогтонги ус байлгахгүй байх, усны савыг тагтай байлгах;
  • Хумхаатай бүс нутагт зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, голомттой бүс нутгагт зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлэн хийх нь хумхаагийн халдварт өртөхөөс сэргийлнэ;
  • Хумхаа өвчнөөр өвчилж эдгэрснээс хойш 2 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байлгах, халуурсан тохиолдол бүрт хумхаагийн үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж байх;
  • Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллалагад хандах хэрэгтэй.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter