Зоонозын өвчнүүд
Бабезиоз (Babesiosis B60.0)
3914

Өвчний тодорхойлолт:
Бабезиоз нь улаан эсэд шимэгчилдэг эгэл биетэнээр үүсгэгддэг, халуурах, цус багадах, арьс салст шарлах зэрэг шинж тэмдгээр илэрдэг зоонозын халдварт өвчин.

Үүсгэгч:
Бабезиозын төрлийн Babesi microt, Babesi divergens зүйлүүд хүнд өвчин үүсгэдэг. Babesi microti зүйлийн хувьд мэрэгчид, B. divergens зүйлийн хувьд мал, амьтанд өвчин үүсгэнэ.

Тархалт:
Дэлхий дахинд:
Антарктидаас бусад бүх тивд хүн, мал амьтны өвчлөл бүртгэгдсэн байдаг. Европын баруун хойд болон өмнөд хэсэг, ОХУ-д голчлон Сибирийн тал хээрийн бүс нутагт өвчлөл бүртгэгдэнэ.
АНУ-д B.microti зүйлийн халдварын газарзүйн тархалт Ixodes scpularis хачгийн нутагшилтай газраар ихэсдэг хамааралтай. Хятад (Тайванийн хамт), Египет, Япон, Испани (Канарын арлууд) болон Өмнөд Африкт бүртгэгдсэн. ОХУ-ын Урал, Ленинград муж, Сибирьт жижиг мэрэгчдийн дунд Babesi microti халдварлалт 20,2% тогтоогдсон байдаг.
Монголд:
Мал эмнэлгийн судалгаагаар Монгол орны газарзүйн янз бүрийн бүсээс цуглуулсан адууны цусны ийлдсэнд Babesia equi, B.caballi-ийн халдварлалт 72.8% тогтоогдсон.

Тархвар судлал:
Хөхтөн амьтан, жижиг мэрэгчид, үхэр, нохой, шувуу агуулагч амьтад өвчний эх уурхай болдог. Ixodes төрлийн хачгаар дамжиж хүн халдвар авна. Мөн өвчний шинж тэмдэг илрээгүй хүн цусны донор болсноор бабезиозын тохиолдлыг нэмэгдүүлдэг. Эхээс урагт дамжин халдварласан цөөн тохиолдол гадаад оронд бүртгэгдсэн байна.

Эмнэлзүй:
Өвчин ихэнхдээ цочмог эхэлж, 38-40°С хүртэл халуурах, чичрэх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрнэ. Халуун 8-10 хоног үргэлжлэх ба өвчний 3-4 дэх хоногоос хордлогын шинжүүд нэмэгдэн их хөлрөх, үе, булчингаар өвдөх, арьс цайх, элэг томрох, шээс багасах шинж илэрч, шээсэнд гемоглобин тодорхойлогдож, улмаар бөөрний дутагдалд ордог. Цусан дахь улаан эс гэмтсэн байдаг. Зонхилон тохиолддог шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрийн үед богино хугацаанд томуу төст халуурах, жихүүдэс хүрэх, цус багадах, бие сулрах шинжүүд илэрнэ. Хүнд явцтай үед 40-41°С хүртэл халууран цусанд гемоглобин багасах, шээсэнд гемоглобин ихсэх, шээс гарахгүй байх бөгөөд ихэвчлэн нас бардаг байна. Хурц үе нь архагт шилжсэнээр халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, нойрмоглох, булчин өвдөх, хуурай ханиалгах, ядрах, хүүхдэд анхаарал, ой санамж муудах шинжүүд илэрнэ. Тархвар судлалын өгүүлэмж, хурц цус багадалт, бөөрөнд гарах өөрчлөлтүүд, лабораторийн шинжилгээг үндэслэн ялган оношилно.

Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх

Сэжигтэй өвчтөнөөс цус авч, бичил харах цусны улаан эсэд үүсгэгч харагдах, хос ийлдсэнд эсрэгбиеийн таньц 4 дахин өсөх, ПГУ-аар B.microti зүйлийн ДНХ тодорхойлогдох зэргээр лабораторид оношилно.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Хүн амд сургалт, сурталчилгаа хийж, хачигт хазуулахаас сэргийлэх, малтай харьцах үед болон хачиг тархсан газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, хачиг үргээгч бодис хэрэглэх, хоёр цаг тутамд биедээ хачиг асч байгаа эсэхийг шалгаж хачгийг зайлуулах, хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжлүүлэх, хачигт хазуулсан тохиолдолд халдварт өртөхөөс сэргийлж, доксициклиныг 8 цагийн зайтай 5 хоног хэрэглэх талаар мэдээлэл өгөх шаардлагатай.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter