Өвчний дэгдэлтийн мэдээ. 2017 оны 11-р сарын 27
Мадагаскарын Эрүүл мэндийн сайдын ДЭМБ-д өгсөн мэдээгээр 2017 оны 08-р сарын 01-ээс 11-р сарын 22-ыг хүртэл нийт 2348 батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэний 202 буюу 8.6% нь нас барсан байна. Нийт 1791 уушгины тахлын тохиолдол бүртгэгдэснээс 22% нь батлагдсан. Мөн булчирхай хэлбэрийн 341, үжил хэлбэрийн 1, хэлбэр тодорхойгүй 215 тохиолдол бүртгэгджээ.
Зураг 1: 2017 оны 08-р сарын 01 –ээс 11-р сарын 22 хүртэлх Мадагаскар дахь тахлын батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын үзүүлэлт
Хэдийгээр тахлын дэгдэлтийн үеэр 81 эрүүл мэндийн ажилтан халдвар авч өвчилсөн ч одоогоор нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Мадагаскар улс нь засаг захиргааны хувьд 22 муж, 119 дүүрэгт хуваагддаг. Дэгдэлт эхэлснээс хойш тус улсын 114 дүүрэгт тахлын тохиолдол бүртгэгдсэнээс 55 (48%) нь тахлын нутагшмал бүс газрууд болон томоохон хотууд байжээ. Ялангуяа нийт тохиолдлын 68% нь Analamanga бүст бүртгэгджээ.
Зураг 2. 2017 оны 08-р сарын 01-ээс 11-р сарын 22 хүртэлх уушгины тахлын батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын газарзүйн тархалт
Зураг 3. 2017 оны 08-р сарын 01-ээс 11-р сарын 22 хүртэлх булчирхай хэлбэрийн тахлын батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын газарзүйн тархалт
Дэгдэлтийн үед хавьтал болсон нь тогтоогдсон хүмүүс (7289)-ийг урьдчилан сэргийлэх анитибиотик эмчилгээнд хамруулсан. Хавьтал болсон 11 хүнд тахал төст шинж тэмдэг илэрсэн бөгөөд сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байна. Бүх хавьтлыг бүрэн тогтоожээ.
Мадагаскарын Пастерын институтэд Yersina pestis-ын 33 өсгөвөрийг өсгөвөрлөснөөс бүгд антибиотикт мэдрэг байсан талаар Тахал өвчнийг хянах үндэсний програмд тусгажээ.
Тахлын нутагшмал газруудад шинэ тохиолдлууд бүртгэгдэж болзошгүй тул хяналтын арга хэмжээг 2018 оны 04-р сар хүртэл сунгахаар тогтсон.
Нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд
Мадагаскарын Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Мадагаскар дахь Пастерын институт, бусад агентлаг, оролцогч талууд, хамтрагчидтай хамтран хяналт сэргийлэлтийн хариу арга хэмжээг боловсруулжээ.
Эрүүл мэндийн сайд тахлын хүний өвчлөл ихээр бүртгэгдэж буй Antananarivo, Toamasina хотуудад дэгдэлтийн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нэгжүүдийг ажиллуулсан байна.
Тахлаар өвчилсөн бүх өвчтөн болон тэдгээрийн хавьтлуудад эмчилгээг үнэ төлбөргүй хийж, урьдчилан сэргийлэх антибиотикоор хангасан байна.
Хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд:
Тохиолдол бүртгэгдсэн бүх дүүргүүдэд тархвар зүйн тандалт судалгааг хийж, илрүүлэлтийг нэмэгдүүлсэн.
- Шинэ тохиолдлуудад хурдавчилсан судалгаа, шинжилгээ хийсэн
- Сорьц цуглуулах, шинжлэх, лавлагаа өгөх
- Үүсгэгчийг өсгөвөрлөх, уушги, булчирхайн хэлбэрийн тахлыг эмчлэх
- Хавьтлыг тогтоох, идэвхитэй тандах, хянах, урьдчилан сэргийлэх төлбөргүй антибиотикийн хангамжийг хянах
- Агуулагч, дамжуулагчийг хянах, шавьжгүйтгэл хийх
- Тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
- Эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, тохиолдлуудыг илрүүлэх мэдээллийн тогтолцоог сайжруулах, халдварын хяналт болон халдваргүйжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх
- Оршуулах ажлын үед халдварын хяналтын арга хэмжээний мэдээллээр хангах
ДЭМБ бүсийн болон Олон улсын Дэгдэлтийн үеийн Сэрэмжлүүлэг, Хариу арга хэмжээний Сүлжээ (Global Outbreak Alert and Response Network (GOARN))-тэй хамтран дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг дэмжин ажилласан. Мөн үргэлжлүүлэн яаралтай хариу арга хэмжээний шаардлагатай дэмжлэгийг хангаж ажиллахаар тогтоод байна.
Мадагаскарын ЭМЯ, ДЭМБ, ОУДСХС (GOARN) болон бусад хамтрагчид, дэгдэлтэнд ажиллаж, бэлтгэгдсэн 1800 гаруй эмнэлгийн ажилтнууд, 300 орчим эмч нартай хамтран тохиолдлын судалгааг хийх яаралтай хариу арга хэмжээний багийг байгуулжээ. Мөн IFRC, UNICEF, USAID зэрэг байгууллагууд тохиолдлын менежментийг дэмжих, Тахлын эмчилгээний төвийг байгуулах ажлуудыг эхлүүлжээ. Мадагаскарын Пастерын Институт тахлын тохиолдлыг батлах лабораторийг байгуулсан. ДЭМБ IPM-тэй хамтран орон нутгуудаас сорьц цуглуулан шинжлэх, батлах IPM-н лабораториудыг бэхжүүлэх системийг боловсруулжээ.
Бусад нэмэлт арга хэмжээнүүд: Уушгины тахлыг гадагш тархахаас сэргийлж, Антананариву, Носибе хотуудын ОУ-н нисэх буудлуудад илрүүлгийн арга хэмжээ авч байна. Энэхүү арга хэмжээнд: Гадагш зорчигчдыг тусгай мэдүүлэг бөглүүлэх, тэдний биеийн халууныг хэмжих, халуунтай зорчигсдыг цааш нягтлах, уушгины тахлын шинж тэмдэг илэрсэн зорчигчдыг яаралтай тусгаарлах, хурдавчилсан шинжилгээнд оруулах, авсан хариу арга хэмжээг протоколдох зэрэг болно. Шинж тэмдэг илэрсэн зорчигчдын аялалыг хязгаарласан. ДЭМБ, ОУДСХС (GOARN), АНУ-н Өвчний урьдчилан сэргийлэлт, Хяналтын төв ба Францын InVS/SPF зэрэг байгууллагууд нисэх буудлуудын илрүүлгийн арга хэмжээнд техникийн дэмжлэг үзүүлж, хэрхэн ажиллах талаар зөвлөмжүүдийг өгсөн байна.
Мадагаскартай аялал жуулчлал, худалдааны шууд холбоотой Африкийн бүсийн 9 улс (Комор, Етиоп, Францын Рюнион, Сейшел, Кени, Маурит, Мозамбик, ӨАБНУ, Танзани)-ыг тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байна. Эдгээр улсууд тахлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, нэмэлт тандалтыг хийх (ялангуяа гаднаас орж байгаа хүн болон бусад зүйлсэд), тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслүүдийг бэлтгэж, хуваарилах зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна. ДЭМБ эдгээр улсуудын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлын үйл ажиллагаануудыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.
ДЭМБ. Эрсдэлийн үнэлгээ
Булчирхай хэлбэрийн тахал 2017 оны 11-р сарын 08-аас хойш, уушгины хэлбэрийн тахал 2017 оны 11-р сарын 14-өөс хойш бүртгэгдээгүй байна. 2017 оны 11-р сарын 19-нд бүх хавьтлуудыг тогтоож дууссан ч энэ өвчин Мадагаскарт улирлын чанартай байдаг тул ДЭМБ тохиолдол шинээр гарна гэж тооцож байна. Иймд Мадагаскарын ЭМЯ, ДЭМБ хариу арга хэмжээний хугацааг 2018 оны 04-р сар хүртэл сунгаад байна. Тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авахад урт хугацааны стратеги хэрэгтэй.
Одоогийн тархвар зүйн нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүчин чадалд үндэслэн ДЭМБ үндэсний хэмжээний тахлын эрсдэл намжмал байна гэж дүгнэжээ. Мөн бүсийн болон олон улсын эрсдэл намжмал байна гэж тооцож байна.
ДЭМБ. Аялагчдад өгөх зөвлөмж
Өнөөдрийг хүртэл олон улсын аялал жуулчлалтай холбоотой өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна. ДЭМБ Мадагаскар луу аялал жуулчлал, худалдааны хязгаарлалт хийх, уушгины тахлын дэгдэлтийг зогсоохын тулд хөрш зэргэлдээ улс орнуудад хийх аяллын арга хэмжээг зогсоохыг зөвлөж байна.
Мадагаскарт ирж буй олон улсын зорчигчид тухайн улсын тахлын нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэл, мэдлэг авсан байх шаардлагатай байна. Жуулчид өөрийгөө хамгаалах зорилгоор бүүргэнд хазуулахгүй байх, үхсэн амьтдын сэг зэмээс зайлсхийх, халдварын сэжигтэй эд зүйлсээс болгоомжлох, уушгины тахлаар өвдсөн хүмүүстэй хавьтал болохгүй байх шаардлагатай байна. Гэнэт халуурах, булчирхай цочих, амьсгал давчдах, ханиалгах/ цустай цэрээр ханиалгах шинж/ тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг зөвлөж байна. Мөн шинж тэмдэг илэрсэн үед өөрийгөө эмчлэх оролдлого хийхгүй байхыг анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх эмчилгээг зөвхөн хавьтал болсон болон өртөлтийн өндөр эрсдэл бүхий (бүүргэнд хазуулсан, халдвартай амьтдад хүрсэн) хүмүүст хийж байна. Хэрвээ Мадагаскарт аялахаар бол дээр дурдсан шинж тэмдгүүдийн талаар сэрэмжтэй байх хэрэгтэй. Шинж тэмдэг илэрвэл аялагчид эмнэлгийн газарт очиж, Мадагаскар дах өөрийн аялалын түүхийн талаар тодорхой мэдээлэх хэрэгтэй.
11-р сарын 03-нд Олон улсын Аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлалынхаа үеэр ДЭМБ-ын гаргасан Мадагаскарлуу аялал жуулчлал, худалдаа хийхийг хязгаарлах зөвлөмжийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: http://who.int/csr/don/27-november-2017-plague-madagascar/en/