Биологийн шинжлэх ухааны Экологи-Эволюцийн биологийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөөн сурах бичгийн нэг болох Стоуни Бруук Их Сургуулийн тэргүүлэх профессор Дуглас Ж.Футуимагийн “Эволюци” (Evolution) номын хоёрдугаар хэвлэлийг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Доктор, профессор Б.Болдгив (орчуулгын ерөнхий редактор) Монгол хэлрүү хөрвүүлэн 2012 онд хэвлүүлсэн.
Зоонозын өвчин судлалын салбарт ажиллаж буй биологич, тархвар судлагч нарын эволюцийн биологийн мэдлэгт зориулан тус номын хэсгээс цувралаар түүвэрлэн хүргэж байна. Цаашид энэ чиглэлийн мэдээллийг холбогдох бусад эх сурвалжуудаас зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэн танин мэдэхүйн буланд тогтмол нийтэлж байх болно.
- НЭМСЭША
Халдварт өвчин ба паразитын хоруу чанарын эволюци
Паразит организмд тулгардаг хоёр том сорилт бол өөрийгөө юм уу үр удмаа нэг эзнээс нөгөөд дамжуулах (халдварлалт) болон эзэн организмын хамгаалалтыг даван туулах гэсэн хоёр асуудал юм. Зарим паразит босоо чиглэлд буюу эзэн эх организмаас үр төлд дамжина. Жишээ нь Wolbachia бактери шавьжийн өндгөнд халдварладаг.
Бусад паразитууд гадаад орчноор (жишээ нь, найтаахад цацагддаг энгийн хамрын ханиадын шалтгаан болох хүний риновирүс), эзэн организмуудын контактаар (жишээ нь, заг хүйтний бактери болон бусад бэлгийн замын өвчин үүсгэгчид), зөөвөрлөгчдөөр (шар чичрэгийн вирүс юм уу хумхаа үүсгэгч протист Plasmodium зэргийг дамжуулдаг шумуул зэрэг ВЕКТОР) дамжин хөндлөн чиглэлд эзэн организмын хооронд дамждаг.
Эзэн организмдаа паразитын үзүүлэх нөлөө маш их ялгаатай. Эзэн организмынхаа мэнд үлдэлт юм уу үржлийг бууруулдаг паразитуудыг ВИРУЛЕНТ гэж үзнэ. Бид энд хоруу чанарт нөлөөлж болох эволюцийн хүчин зүйлсийг ойлгох зорилго тавьж байгаа болно. Вирүс, бактери зэрэг “микропаразитууд” дахь хоруу чанарын эволюцийн эрчим өндөр байдаг учраас энэ сэдэв эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой (Bull 1994; Ewald 1994). Эзэн, паразитын эволюцийн аль алинаас хоруу чанар хамаарна. Жишээ нь (Fenner & Ratcliffe 1965), Европ молтогчин (Oryctologus cuniculus) Австралийн бэлчээрийн маш аюултай хортон болсны дараа түүний тоо толгойг нь хянахын тулд Өмнөд Америкийн молтогчингийн миксома вирүсийг халдварлуулсан. Энэ вирүсийг халдварлуулсны дараа зэрлэг молтогчин вирүсийн стандарт омгийг хэрхэн тэсвэрлэж байгааг үе үе шалгаж байсан ба мөн зэрлэг молтогчингоос цуглуулсан вирүсийн дээжийн хоруу чанарыг лабораторийн молтогчны стандарт омог дээр шалгаж байв. Цаг хугацаа өнгөрөхөд молтогчин илүү сайн тэсвэрлэх чадвартай болон хувьсан өөрчлөгдсөн ба вирүсийн хоруу чанар багасах чиглэлд өөрчлөгджээ. Хэдийгээр бараг хоруу чанаргүй омгууд илэрсэн боловч вирүсийн популяци бүхэлдээ хоруу чанараа алдаагүй байна.