Паразит – эзний харилцааны генетик ба эволюци хүний эрүүл мэнд болон бусад анхаарал татдаг зүйлүүдийн хувьд маш чухал хамааралтай. Нэгдүгээрт эзэн популяцийн генетик олон янз байдал эмгэг үүсгэгчийг илрүүлэх чадварт чухал байж болох юм гэсэн санааг бидний үзсэн жишээнүүд харуулж байна. Үүний улмаас инбридингд орсон буюу генетик олон янз байдал багатай популяци эрсдэл өндөртэй байж болно. Жишээ нь: 1970 онд АНУ-д ургуулсан эрлийз үрийн эрдэнэшишийн 85% нь санамсаргүй солбицон тоос хүртэлтээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байсан эр бодгалийн үргүйдлийн цитоплазмын генетик факторыг агуулж байв. Харамсалтай нь энэ генетик фактор өмнөдийн эрдэнэшишийн цайрах өвчин (Helminthosporium maydis)-д хэт өртөмтгий байх шалтгаан болсон бөгөөд тус улсын эрдэнэшишийн нийт ургацын бараг 30% нь (зарим газарт нийт ургацыг бараг 100%) энэ мөөгөнцөрт алдагдсан билээ (Ullstrup 1972). Генетикийн хувьд нэгэн жигд тариаланг өргөн тариалах нь гамшиг болох үндэс юм.
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх томоохон аюулын дунд “шинээр гарч ирж буй эмгэг үүсгэгчид” ордог ба тэдгээрийн олонх нь хүний популяцид өөр зүйлээс дамжин ирдэг. Ийм тохиолдлын зарим нь хүрээлэн буй орчны өөрчлөлтийн улмаас, тухайлбал амьтны “нөөц” эх үүсвэрээс хүний популяцид дамжих боломж нэмэгдэх зэрэг тохиолдлын улмаас гардаг бол бусад тохиолдолд эмгэг үүсгэгчийн эволюцийн өөрчлөлт тодорхой үүрэг гүйцэтгэнэ (Woolhouse et al. 2005). Шимпанзе болон Африкийн сармагчнуудын хүний дархлалын олдмол хомсдлын (HIV-1 ба HIV-2) вирүсийн эволюци гэх мэт шинэ эмгэг үүсгэгчийн гарал үүслийг тогтооход филогенетик анализыг тогтмол хэрэглэдэг (Зураг). РНХ-ийн вирүсийн кладын филогенийг эзнийх нь филогенитэй харьцуулахад зарим омгийн вирүс бусдыгаа бодоход шинэ эзэнд ойр ойрхон дамжиж байв (Jackson&Charleston 2004).
Шинэ эмгэг үүсгэгчийн гарал үүслийг тогтоосноор тухайн эмгэг үүсгэгч эзэндээ зохилдож буй генетик үндсийг тогтоох боломжтой байж болно. Тухайлбал, 1978 онд дэлхийн хэмжээнд махчдын парвовирүс олширч, нохдын дунд өргөн тархаж, пандеми үүсгэжээ. Филогенетик анализаас үзэхэд энэ вирүс муур болон бусад хэд хэдэн махчдад халддаг мийн панлейкопениэс үүссэн байна. Вирүсийн капсид уургийн зургаан амин хүчил өөрчлөгдөхөд уг вирүс трансферриний рецепторт холбогдох замаар нохойн эсэд халдварлах боломжтой болжээ. Анх нохойн популяцид уг вирүс халдварласнаас хойш хэд хэдэн нэмэлт эволюцийн өөрчлөлт явагдаж, нохойн рецепторт илүү амжилттай холбогдох боломжтой болсноор өөрсдийн анхны эзэн муурын зүйлүүдийн рецепторт холбогдох боломжгүй болсон байв (Hueffer et al. 2003).
Хүний эрүүл мэндэд заналхийлэгч гол аюул болох томуугийн А вирүсийн эзэн солигдоход рекомбинац үүрэг гүйцэтгэдэг. 1918 онд “Испани томуу” АНУ-д 675000 (үүний бараг тал хувь нь залуучууд байсан) хүнийг, дэлхийн хэмжээнд 20-40 сая хүнийг үхэлд хүргэсэн билээ. Энэ бол томуугийн А хүрээний вирүсийн дэлхийн дэгдэлтийн дотроос хамгийн их аюул учруулсан тохиолдол байсан юм. Томуугийн А вирүс шувуунд, ялангуяа нугас болон бусад усны зүйлүүдэд өргөн тархсан байдаг бөгөөд хүнд голдуу гахай зэрэг завсрын эзнээр дамжин халддаг боловч заримдаа шувуунаас шууд халддаг гэж үздэг (Hay et al. 2001). Вирүс хүний популяцид нэгэнт суурьшсан тохиолдолд хүний дархлааны дарамтын эсрэг хариу үзүүлэх шинэ антигений хувилбарууд тасралтгүй үүсэн хөгждөг байна. Гэхдээ шувуунаас хөхтөнд шилжих шилжилт тодорхой хэмжээнд нэлээд ялгаатай омгуудын хоорондын рекомбинацийн улмаас үүдсэн томоохон генетик өөрчлөлтөд суурилсан байдаг бололтой. Испани томуу (Gibbs et al. 2001) ба Хятад болон бусад зүүн Азийн орнуудад 2003, 2004 онд гарч гэрийн тэжээмэл шувуудын өвчлөл болон хэд хэдэн хүний аминд хүрсэн шувууны ханиадны (H5N1) дэгдэлтэд рекомбинац тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэх нотолгоо бий (Li et al. 2004). H5N1 болон бусад холбоотой омгууд цаашид хувьсан өөрчлөгдөж, дахин пандеми үүсгэх боломжтой гэх болгоомжлол байдаг (Longini et al. 2005).
Футуима Дуглас Ж. Эволюци: Хоёр дахь хэвлэл /Орч. Ред. Б. Болдгив/. – УБ. Адмон, 2012.
Зураг 3.4 Хүний дархлал хомсдлын вирүсийн (ДХВ-1, ДХВ-2) болон Африкийн янз бүрийн сармагчингууд, шимпанзе дэх бичний дархлал хомсдлын вирүсийн (simian immunodeficiency virus, SIV) омгуудын филогени. Өвгийн вирүсийн салаа салбаруудын эзэн зүйлийн талаарх хамгийн парсимони зарчимд нийцсэн таамаглалыг филогенийн модонд өнгөөр ялган үзүүлэв (ногоон-сармагчингууд, улаан-шимпанзе, шар-хүн). Жишээ нь, ДХВ-1-ийн омгуудын хамгийн ойрын төрөл нь шимпанзегийн БДХВ-ын янз бүрийн омгууд бөгөөд иймд шимпанзегийн вирүсээс үүсэн хөгжсөн гэсэн таамаглал парсимогийн зарчимд илүү нийцнэ. ДХВ-1-ийн омгууд хэд хэдэн бүлэгт хуваагдах ба тэдгээр нь шимпанзегээс хүн рүү бие биеэсээ хамааралгүйгээр дамжин халдаж, хувиран хөгжжээ. ДХВ-2 нь мангабей сармагчны нэгэн зүйл (sooty mangabeys)-ээс магадгүй дор хаяж нэг удаагийн халдварлалтаар үүсэн хөгжсөн байна. (Эх сурвалж: Hahn et al. 2000).