Цаг үеийн
“Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт олон улсын хурал боллоо
1622

“Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт олон улсын тарвага судлаачдын долоодугаар хурал 2018 оны 08-р сарын 13-15-ны өдрүүдэд Кемпински Зочид буудлын хурлын танхимд боллоо.

Олон улсын тарвага судлаачдын эрдэм шинжилгээний энэхүү хурлыг ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачлагаар олон улсын тарвага судлалын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран зохион байгуулсан. Хурлын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нар оролцож үг хэллээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Казахстан, Киргиз, Монгол, Украин, Франц, БНХАУ, Япон зэрэг дэлхийн 13 орны нийт 121 эрдэмтэн судлаачид судалгааны ажлын үр дүнгийн илтгэл, өгүүллээ ирүүлж, 52 аман болон ханын илтгэлийн хураангуй, 28 илтгэлийг бүрэн эхээр нь нэгтгэсэн эрдэм шинжилгээний эмхэтгэл бүтээлийг хэвлэн нийтэлж, олны хүртээл болгожээ. 

Энэхүү хуралд дэлхийд тархсан тарваганы зүйлүүдийн тархац, нөөц, ашиглалт, экологи, биологи, онцлог, бүс нутгийн судалгааны түүхэн тойм материалууд, ангилал зүйн асуудлыг хөндсөн орчин үеийн молекул биологийн судалгааны дүнгүүд, зүйлийн геномын болон монгол тарваганы хепаднавирүсийн геномын бүрэн дараалал, тарваган тахлын агуулагч амьтан болох тухай, хүн махны гистологи бүтэц, электрон микроскопын аргаар арьсны өвөрмөц булчирхайн бүтцийг судалсан дүн, тарвагыг гаршуулан тэжээсэн тухай, олон зүйл тарваганы дуу авиа, дохиоллын онцлогын талаарх судалгааны ажлын сонирхолтой үр дүнгүүдээр нийт 29 илтгэлийг Итали, АНУ, ОХУ, Казахстан, Украйн, Монголын 26 судлаачид амжилттай хэлэлцүүллээ.

Тус хуралд ЗӨСҮТ-ийн тарваган тахлын багийн гишүүд оролцож, “Монгол орны тарваган тахлын байгалийн голомт дахь тарваганы тархалт, эпизоотологийн холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Хурлын ач холбогдол болон тарваган тахал өвчний хяналт, сэргийлэлтийн талаар “TV-9” телевиз, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-д  БУ-ны доктор Д.Цэрэнноров ярилцлага өглөө.

Хурлын үеэр ОХУ, Казахстаны  болон ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн зарим судлаачидтай хамтран гүйцэтгэж болох судалгааны ажлын талаар санал солилцлоо.

Хурлын үеэр Монгол тарваганы тухай баримтат кино болон ШУА-ийн  Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн амьтны цуглуулгын сонирхолтой музейг үзэж танилцлаа.

Нийтлэгдсэн огноо: 2018.08.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter