Онцлох
Ядуурлыг бууруулах, хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэхэд үзүүлсэн хорхойгүйжүүлэх ажлын ач холбогдлыг нобелийн шагналын хороо үнэллээ
1031

2019 оны 10-р сарын 16. Женев. “Ядуурлыг бууруулах дэлхийн хэмжээний ач холбогдолтой үйл явцуудыг сурталчилж, таниулах ажлууд цаг тухай бүртээ хийгдэхгүй байна.”

Шведийн Риксбанкнаас Нобелийн Эдийн засгийн салбарын 2019 оны шагналыг “Ядуурлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулсан”-ых нь төлөө гурван хүнд гардуулсан болохыг Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академи өнгөрсөн даваа гарагт мэдээлэв. 

Энэ удаагийн Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг Abhijit Banerjee (Massachusetts Institute of Technology, Cambridge, MA, USA), Esther Duflo (Massachusetts Institute of Technology, Cambridge, MA, USA) ба Michael Kremer (Harvard University, Cambridge, MA, USA) нар хүртсэн бөгөөд тэд эдийн засгийг хөгжүүлэхэд нөлөөлсөн “Дэлхийн ядууралтай тэмцэхэд бодитой, шинэ арга замыг нэвтрүүлсэн” олон арван жилийн ажлынхаа үр дүнгээр шалгарчээ.

ДЭМБ-ын “Сургуульд суурилсан хорхойгүйжүүлэх” олон нийтийн хөтөлбөр 

Dr Michael Kremer болон түүний баг 1990 оны үеэс Кени улсын баруун хэсэгт хүүхдүүдийг хорхойгүйжүүлэх шахмалаар тогтмол эмчлэх ажиллагааг хэрэгжүүлснээр тэдний эрүүл мэнд сайжирч, улмаар боловсрол чухамдаа сурах үйл явц дээшилснийг ДЭМБ үнэлж, өөрийн хөтөлбөр болгосон.

Dr Michael Kremer 2015 оны 08-р сард өгсөн ярилцлагадаа: “Хорхойтой хүмүүс төдийгүй үл итгэгч нар хүртэл бүх нийтээр хорхойгүйжүүлэх арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Учир нь шинжилгээний зардал эмчилгээний зардлаас хамаагүй үнэтэйгээс гадна эм хорхойгүй хүмүүст гаж нөлөө үзүүлдэггүй тул олон зуун сая хүмүүс бүх нийтээр хорхойгүйжүүлэх арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгджээ.

Дэлхий даяар 1.5 тэрбум хүн буюу нийт хүн амын 24% хөрсөөр дамжих хорхойн халдвар авсан байдаг. Сургуулийн өмнөх насны 267 сая хүүхэд, сургуулийн насны 568 сая хүүхэд эдгээр шимэгчдийн халдвар өндөртэй газар нутгуудад амьдарч байна.

ДЭМБ-ын хөрсөөр дамжих хорхойн хяналтын хөтөлбөрийн тэргүүн Dr Antonio Montresor “ДЭМБ 1994 оноос хойш хүүхдүүдийг хорхойн эсрэг эм, ялангуяа альбедазол, мебендазолоор эмчлэх томоохон хэмжээний эмчилгээг зөвлөсөөр байна” гээд “Майкл болон түүний нөхдийн хийсэн судалгаа нь хорхойгүйжүүлэлтийн ашиг тусыг нотолж, энэ хөтөлбөрийг сурталчилж, өргөжүүлэн хэрэгжүүлэхэд түлхэц өгсөн. Зөвхөн 2018 онд гэхэд л тэд 450 сая сургуулийн хүүхдийг эмчилж чадсан байна” гэж мэдэгдсэн.

Ядууралтай тэмцэхэд оруулсан хувь нэмэр

Шведийн Эзэн хааны Шинжлэх Ухааны Академи энэ жилийн Нобелын эдийн засгийн салбарын шагналыг гардуулахдаа “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хамгийн ядуу хүмүүсийн амьдралыг сайжруулах” ажилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон дурьдсан байна.

ДЭМБ-ын бүх нийтийг хорхойгүйжүүлэх хөтөлбөр

ДЭМБ хорхойгүйжүүлэх эм (шистосомиазд празикуантел, хөрсөөр дамжих хорхойнуудын халдварт альбендазол эсвэл мебендазол)-үүдийг тодорхой хугацааны давтамжтайгаар өгөхийг зөвлөдөг.

Эдгээр халдваруудын эрсдэл бүхий хүмүүст: сургуулийн болон сургуулийн өмнөх насныхан, төрөх насны эмэгтэйчүүд (үүнд жирэмсэн эхчүүд орно), зарим тусгай мэргэжлийн хүмүүс ялангуяа загасчид, газар, устай ойр ажилладаг хүмүүс орно.

Хөрсөөр дамжих хорхойнуудын халдварын хүний өвчлөлийн тархалт ≥20%, шистосомиазын халдвар  ≥10% газар нутгуудад жил бүр бүх нийтийг хамарсан эмчилгээг хийх шаардлагатай. Эдгээр халдваруудын тархалт зэрэгцэн оршиж буй нутгуудад хоёр эмчилгээг хоёуланг нь хийнэ.

ДЭМБ нь альбендазол, мебендазол болон празикуантелийн хүртээмж, хангамжийг хангахын тулд түншүүд болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилладаг.  Жил бүр эмчилгээ шаардлагатай 1 тэрбум хүүхдийн 75-аас доошгүй хувь, түүнчлэн өвчний аль алинд нь өртөх эрсдэлтэй насанд хүрэгчдийг ч хамруулан эмчлэх зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.who.int/neglected_diseases/news/nobel_prize_2019/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter