Цаг үеийн
Эмгэнэл
1431

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн анхны Монгол дарга (тухайн үеийн Тарваган тахал эсэргүүцэх төв станц ) асан, хүний их эмч Шаравын Самбуу нь 2020 оны 07-р сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Ш.Самбуу нь 1929 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сум (Цэцэрлэг хот)-д төрсөн. Бага, бүрэн дунд сургууль төгсч улмаар МУИС-ийн Хүн эмнэлгийн ангид орж суралцан хүний их эмчийн мэргэжлээр 1954 онд төгссөн. Ажлын гараагаа анх Говь-Алтай аймгийн больницын эмчээр эхэлж, тухайн жилээ Улаанбаатар хотын Төв больницод дотрын 4-р тасгийг шинээр байгуулан ажиллаж байгаад 1955 оны 04-р сард ЭХЯ-ны сайдын тушаалаар Гоц халдвартын үндэсний мэргэжилтэн, их эмчээр томилогдож, ЗХУ-ын Сибирь, Алс дорнод, Байгалийн чанадах нутгийн тарваган тахал эсэргүүцэх байгууллагын эрдэм шинжилгээ судалгаа, боловсон хүчин бэлтгэх төв, Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэх институтэд эмч нарт олгох курст 6 сар суралцан гоц халдвартын мэргэжлийн эмч болжээ.

1956-1961 он хүртэл Тарваган тахал эсэргүүцэх төв станцад нян судлагч, халдвар судлагч эмчийн ажлыг хийж байхдаа Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт тарваган тахлын байгалийн голомтын судалгаа шинжилгээ хийж, тарваган тахлын эпизоот явагдаж байгаа нутагт тахлаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулан ажиллажээ.

Ш.Самбуу нь туршлагатай удирдан зохион байгуулагч байсан бөгөөд Зоонозын өвчин судлалын салбарын суурийг тавих, түүнийг хөгжүүлэхэд зүрх сэтгэлээ бүрэн зориулсан нэгэн байсан. 

Тэрээр 1957 оноос Тарваган тахал эсэргүүцэх төв станцын даргын ажлыг эмчийн ажилтай хавсран гүйцэтгэх болсноор анхны дарга эмч болсон юм. Тэр үед Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий аймгуудын Тарваган тахал эсэргүүцэх станцуудыг мэргэжлийн удирдлага, эм, урвалж бодисоор хангах, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэснээр үндэсний мэргэжилтнүүдтэй болох суурь тавигдсан юм. Мөн Зөвлөлт Монголын Гоц халдвартын мэргэжилтнүүдийн онол практикийн бага хурал зохион байгуулж, эрдэм шинжилгээ судалгааны 10 гаруй илтгэл тавьжээ.

1962-2004 он хүртэл Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажилласан бөгөөд энэ үед Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдолд гоц халдвартын төв станцыг хариуцаж, Улаанбаатар хотод тогтоосон хорио цээрийн ажлыг зохион байгуулах, 1965-1977 онуудад Завхан аймгийн Отгон, Яруу, Улиастай, Цагаанчулуут сумдад гарсан тахлын голомтын өвчлөлийг илрүүлж оношлох, эрүүлжүүлэх, сэргийлэх зэргээр аймгийнхаа гоц халдвартын эмч нарт туслалцаа үзүүлж байжээ.

Эрүүл мэндийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа удаа дараа тарваган тахал туссан өвчтөнийг цаг алдалгүй оношилж, голомтын хорио цээрийн ажлыг оновчтой зохион байгуулан, халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд оруулсан Ш.Самбуугийн хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж “Эмнэлгийн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одонгоор 2 удаа, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.

Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан байх болтугай

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter