Австрали улсаас жил бүр хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор “Бичил төслийн хөтөлбөр” (БТХ)-өөр дамжуулан, Монгол улсын иргэд, байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь Австралийн тусламжийн төсвөөс санхүүждэг бөгөөд жил бүр сонгон шалгаруулалтын журмаар олгогддог, уян хатан жижиг хэмжээний буцалтгүй тусламж юм.
БТХ нь 2003 оноос хойш үндэсний болон орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм, эдийн засгийн салбарт ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, залуучуудыг хөгжүүлэх, хүйсийн тэгш бус байдлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг өргөн хүрээний чиглэлээр 130 гаруй төслийн санхүүжилтийг манай улсын 100 гаруй байгууллагад олгожээ.
Австралийн Элчин сайдын яам 2020-2021 оны буцалтгүй тусламжийн хүрээнд сонирхсон байгууллагуудыг БТХ-т хамрагдах өргөдөл гаргахыг урьж байна. БТХ-ийн 2020-2021 оны тэргүүлэх чиглэлүүд:
- Эрүүл мэнд – Хөдөө орон нутгийн болон хүн амын эрүүл мэнд (халдварт өвчин, хорт хавдар г.м), эрсдэлт бүлгийн хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, Монгол улсын COVID-19 цар тахлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ;
- Хүний эрх – Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөөнхи иргэдийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, эрхийг хамгаалах;
- Гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах – Ой хээрийн түймэр болон бусад байгалийн гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа;
- Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах;
- Боловсрол – Хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, хүүхдүүдийн боловсролын хүртээмж;
- Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо – Залуучуудын нийгмийн оролцоог дэмжих зэрэг болно.
Англи хэл дээрх мэдүүлгийг 2020 оны 10-р сарын 20-ны 17:30 цаг хүртэл доорх холбоосоор дамжуулан онлайн хэлбэрээр анкет бөглөж ирүүлнэ үү. https://dap.smartygrants.com.au/MongoliaDAP2020.